Орчуулагч О.Чинбаяр: “Үлисс”-ыг уншаад Ирландыг, Дублиныг дахин шинээр бүтээж болно

– Та саяхан Жэймс Жойсын “Үлисс” романыг орчуулж гаргалаа. Энэ талаар яриагаа эхэлье.

Орчуулагч О.Чинбаяр

Орчуулагч О.Чинбаяр

– Жэймс Жойсын тухайг би анх 1993 онд Москва хотын Горькийн утга зохиолын дээд сургуулийн 4 дүгээр курсын оюутан байхдаа “Дэлхийн ХХ зууны утга зохиол” хичээл дээр сонссон. Тэр үед Жойсын зохиол бүрэн эхээрээ хэвлэгдсэн тухай шуугиан дэгдэж, тухайн үедээ номын сангаасаа аваад үзэж байсан. 1982

онд “Гадаадын уран зохиол” цувралаар “Дублинчууд” өгүүллэг нь гарч байсан юм байна лээ. Оросууд яагаад 1993 онд “Үлисс”-ыг гаргасан юм бол гээд бодоод үзэхээр ерөөсөө социалист нийгмийн уршиг гэж болохоор. Зохиол маань барууны ертөнцөд мэндэлсэн ч гэсэн хориотой зохиол учраас хэвлэгдээгүй байна. Орост байтугай эрх чөлөөний ертөнц АНУ-д хүртэл хориотой байсан түүх бий. Энэ роман бол Жойсын бичсэн зохиолуудын хамгийн том, хамгийн өндөр нэр хүндийг нас барсан хойно нь авчирсан. Амьддаа тэрээр энэ бол агуу зохиол гэдгийг, ирээдүйд алдарших зохиол гэдгийг өөрөө л ойлгож байсан байх. 25 жилийн турш хүний нутагт хэсэж явахдаа зөвхөн энэ зохиол дээрээ 7 жилээ зарцуулан 1921 оны 10 сард бичиж дуусчээ. Энд ердөө л нэг өдрийн, хорин дөрвөн цагийн үйл явдал гардаг. Ямар их юмыг багтаасан гээч.

– “Үлисс” бол хамгийн хэцүү төвөгтэй бичлэгтэй, сэтгэл зүйтэй роман гэж ярьцгаадаг. Орчуулахад энэ байдал нь хэр тод мэдрэгдэв?

– За яахав, садар самуун ч гэдэг юм уу, тиймэрхүү зүйлийг сурталчилсан байна гэдгээр тухайн үеийн Ирландын ард түмэн, католик шашинтнууд, Английн эзлэн түрэмгийлэгчидтэй үгсэн нийлээд, тухайн үеийн манай Сүхбаатар гэдэг шиг Парнелл гээд том хувьсгалч байсан тэр хүнийг буруутгаад. Энэ зохиол нь бас Парнеллийн тухай, амьдралаас үүдсэн тодорхой хэмжээний санаанууд, зохиолчийн өөртэй нь холбоотой мөн түүнийг уран сайхны аргаар, муу сайн байдлаар зөгнөж, өөрийнхөө эхнэрийг хүртэл найзтайгаа уулзаж явалдсан мэтээр хардаж бичиж байсан. Зохиолоо бичиж байгаад эргээд гэртээ ирэхэд эхнэртэйгээ харьцах харьцааны илрэлүүд маш таагүй байдалтай илэрч салж сарнихдаа хүрч байсан гэдэг. Энэ хүн бол зохиолоороо амьдарч зохиолдоо уусаж өвчилж, нэг талаасаа жаахан гажигтай байсан гэж хэлмээр ч нөгөө талаасаа амьдралын сайн талыг бүрэн дүүрэн нууж хаах юмгүйгээр бичиж байсан. Гэхдээ тэр садар самуун гээд байгаа юмыг уншаад үзэхээр дандаа далд хэлбэрээр илэрхийлсэн байдаг.

Энэ романыг би чадан ядан орчуулж монгол хэл дээрээ буулгахыг зорьсон. Энэ номыг орчуулахаасаа илүү сэтгэлзүйн бэлтгэл, мэргэжлийн хувьд өсч өндийн өнөөдөр эрийн цээнд хүрлээ гэж бодоод орчуулсан гэж бодож байна.

Анх 2001 онд энэ номын шинэчилсэн хэвлэлийг Москва руу захиад орчуулах гэж үзтэл тав зургаахан хуудас орчуулаад гацчихсан. Тэгээд би юу ойлгосон бэ гэхээр “Үлисс”-ыг орчуулах хэмжээнд хүрээгүй юм байна. Хэдийгээр сургууль төгсөөд долоо найман жил болсон боловч арай л болоогүй, сэтгэлзүйн бэлтгэл, түүнээс гадна санхүүгийн байдал боломжтой болсон цагт энэ номыг орчуулахгүй бол наад зах нь нэг хоёр жил, цаашилбал таван жил ч энэ дээр сууж магадгүй, хэн нэгнээр тэжээлгэх биш өөрөө өөрийнхөө хоолны мөнгийг бэлдчихээд орчуулах нь зүйд нийцнэ гэж бодсон.

– Тэгээд 2001 оноос хойш дахин “Үлисс”-ыг барьж авах хүртлээ та юу хийж байв даа?

– Энэ хугацаанд би “Шилдэг ном” цувралаа хэвлэн гаргасан. Энэ цувралдаа би 2000 оноос эхлэн Дээрхийн гэгээн ХIY далай лам Данзанжамцын “Шинэ мянганы хүн төрөлхтний ёс зүй”, номыг орчуулсан. Энэ номыг орчуулах хувь тавилан их сонин. Москвагийн сургуулийн манай ангийн охин Дарима Ряционова, түүний нөхөр Зориг / Ю.Цэдэнбал гуайн хүү / хоёртой гэрт нь зочлоод байж байтал Далай ламын номын тухай яригдсан. Тухайн үед Цэдэнбалын академи гэж байхад тэрний хажууд сонин гаргахад би энэ номыг орчуулахаар тохироод, нөхдийг номоо олоод, сониныхоо эхийг нь бэлдээд, монгол руу орчуулаад эхлэхээс өмнө орчуулаад дуусчихсан байсан.

Тухайн үеийн нийгэм буддын шашны сургаалаар цангасан цаг үе байсан. Нэг номыг нь орчуулаад зогсох биш цааш нь 2-3 номыг нь ч нэмээд орчуулчихъя гэсэн бодол төрсөн. Тэгээд дараа дараагийн номыг орчуулсаар одоо долоо дахь ном нь хэвлэгдэхэд бэлэн болж байна. Уг нь Далай лам Жойсоос шал ангид орчны, гүн ухааны зүтгэлтэн, шашны нэртэй лам. Энэ хүний номыг орчуулах нь Жойсыг орчуулах дээр дөхөм болсон юм уу даа гэж би өнөөдөр эргээд бодож байна. Яагаад гэхээр тэр олон бясалгал сургаалууд Жойсыг орчуулах сэтгэлзүйн бэлтгэл болсон. Энийг орчуулахын тулд ядаж 100 граммаас татгалзах ч юм уу, хагас бүтэн сайнд баяр цэнгээнээс хол байх, ерөөсөө өдөр тутам энэ номон дээр, лам нар яаж бясалгаж өдөр бүр ном айлддаг шиг, тамирчнаар бол бэлтгэл сургууль шиг нь байнгын ажиллаж, энэ номыг нэг ч хором холдуулж болохгүй юм байна гэж бодсон. Тэгээд сүүлдээ галзуурна, номын цагаан солио тусна гэдэг шиг инээдтэй инээдтэй юм их болсон л доо.Шөнө хүртэл зүүдлэгдээд.

– Жэймс Жойс гэдэг энэ зохиолчийн өөр ямар бүтээлүүд байдаг вэ? Монгол хэл дээр ер орчуулагдаж байсан уу?

– Жойсын тухай Монголд бараг гараагүй гэж хэлж болно. Дээр үед “Цог” сэтгүүл дээр “Үлисс”-ийн тухай товчхон нийтлэл гарч байсан гэдэг. “Аравия” гээд өгүүллэгийг нь миний найз Л.Алтангэрэл гэдэг залуу орчуулж 15 өгүүллэгээс бүрдсэн “Дублинчууд” түүвэрт оруулсан байдаг. “Зураачийн залуу насны хөрөг”-ийг Г.Аюурзаны “Өчигдөр” сонины захиалгаар 1997-1998 онд орчуулсан. Тэрнээс хойш бид хоорондоо ярьж, гадаад хэл дээр уншиж байсан. Монгол дээр гарсан юм алга байна. Түүний дараа “Үлисс” гарсан. Жойсын зохиолууд бүгд нэг шугамд бичигдсэн. “Зураачийн залуу насны хөрөг”-ийн үргэлжлэл “Үлисс” гэдэг. Гол баатар нь “Үлисс”-т явж л байдаг. Хамгийн сүүлчийн роман нь “Финнеганыг эргэн дурсахуй” дэлхийн 12 хэлийг ашиглаж бичсэн. Тэр олон хэлийг мэдэхгүй хүн уншихгүй. Нэг өгүүлбэрт 5-6 гадаад үг байдаг. Тэрийг ойлгож байж л, ингэж байгаа юм байна гэж ойлгодог.

– “Үлисс” романыг орчуулахын өмнө Жойсын гэр музейд очсон гэсэн. Тэр талаар ?

– 2003 онд Дэлхийн сонины холбооны ээлжит их хурал Жойсын эх оронд болж,тэр хуралд оролцох хувь тохиогоод, одоо эргээд бодохоор тун их билгэ дэмбэрэлтэй юм. Яг Дублинд очиход яруу найрагч Ж.Батбаатар багш тэнд амьдарч, хэдэн жил болчихсон төдийгүй надад газарчин болж, үзэхийг хүссэн бүх газрыг минь маш богино хугацаанд үзүүлсэн. Энэ зурган дээр Жойсын дуртай савтай виски байна. Ер нь бол билэг танхай, амьдралдаа нэлээд гутарч дарсанд орсон гэдэг. Яагаад гэвэл зохиолыг нь хориод хэвлэдэггүй байсан шүү дээ. Би хориотой улаан туузыг нь хүртэл давж байгаад зургаа авахуулсан. Энэ бол монгол хүнээс гарах л сэтгэл шүү дээ.

Ирландын том том зохиолчдын гэр музей, Дублин хотын уур амьсгал, хүмүүсийн зан харилцаа, гудамж, Жойсын амьдарч байсан орон байр, Жойсын 100 татаж, шар айраг шимж суусан уушийн газар, алхаж зохиолоо бичиж явсан гудамж, зохиолын гол дүр монгол цуст Блумын оршин сууж байсан Килдерийн гудамж гэдэг ч юм уу, Дублин хотын бүхий л зураглалыг “Үлисс”-т маш тодоор тусгасан байдаг. Нүдээр харна гэдэг чинь, мянга сонсохоор нэг үз гэдэг шиг л энэ зохиолыг орчуулахад маш их дөхөмтэй болсон.

Жойс Э.Хэмингуэй С.Фицжеральд зэрэг дэлхийн хэд хэдэн Нобелийн шагналтнуудын багш байсан. Тэдэнд 25 жилийн өмнө адис өгч байсан гэдэг.

– Өмнө нь та Г.Г.Маркесийн “Хурандаад хэн ч бичихгүй” тууж, Оскар Уайлдын “Дориан Грейн хөрөг” роман, Франц Капкагийн “Шүүх ажиллагаа” роман зэрэг олон зохиолуудыг орчуулж байсан. Эдгээрийн дэргэд “Үлисс” маш хүнд гэдэг нь ойлгомжтой. Алийг нь та таашаалтай хүлээн авдаг вэ?

– Жойсыг орчуулахаасаа өмнө би арай нэг өөр Ирландын зохиолчийн арай хялбар дөт байж мэдэх зохиолыг орчуулах нь зүйтэй гэж үзээд 2006 онд Оскар Уайлдын “Дориан Грейн хөрөг” романыг орчуулан гаргасан маань оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” шагналыг авчирсан. Энэ шагнал өөрөө нэр хүндтэй утга зохиолын шагнал учраас дараа дараагийн уран бүтээл хийхэд тодорхой хэмжээнд нөлөөлсөн байх. Мөн Капкагийн “Шүүх ажиллагаа” гэдэг алдартай эгзэгтэй нэлээн сэтгэлгээний зохиолыг орчуулсан. Энэ бол Жойс руу өгсөж явах бас л нэг том шат гишгүүр, алхам нь болсон гэж боддог. Тэгээд “Шүүх ажиллагаа”-г орчуулсны дараа одоо л би нэг “Үлисс” –тэй ноцолдвол орчуулж болох нь гэсэн сэтгэлзүйн, дээр нь бас санхүүгийн хувьд ч гэсэн “Шилдэг ном” цуврал маань ч амжилттай болж, 40 гаруй ном эрхлэн гаргаад байна. Шашин, гүн ухаан , бизнес гэсэн чиглэлээр өөрөө орчуулахаас гадна манай орчуулагч, гэрээт хүмүүс байдаг. Ямар ч гэсэн нэг “Үлисс” –ыг орчуулаад суухад хоолны талаар санаа зовохгүй болсон байсан. Бүх л талаас хувьсгалын тохироо бүрдэнэ гэдэг шиг ном дээрээ уйгагүй суусан. Ер нь хүүхэд төрөхөд яаж баярладаг билээ тэрэн шиг, өмнө нь өөрийн орчуулсан арван хэдэн номыг эх барьж авсан мөртлөө энэ шигээ баярлаж үзээгүй.Яагаад гэвэл надад хамгийн орчуулахад хүндрэлтэй, хэцүү байсан зохиол Үлисс. Үүнтэй хэн ч маргахгүй. Номоо хэвлэлтэнд өгчихөөд хүлээж суухад хүнд байсан. Юу болж байгаа бол, яаж байгаа бол гээд.

– Жойсыг хамгийн их судалж шинжилсэн улс хаана юм бол?

– Жойсыг хамгийн бүрэн дүүрэн шинжилсэн орон гэвэл Оросыг би ойлгож байгаа. Угаасаа уран зохиолын салбарт Горькийн сургуулийн сургалт, орчуулгын хичээлийн арга барил нь,гадаадын уран зохиолыг орчуулж байгаа хандлага нь өөр. Всеволод Вишневский Жойстой уулзахад Орос орон гэж байхаас Оросын зохиолч юугаа надаас асуух гээд байгаа юм бэ гэхэд нь Вишневский аль 1925 онд л Орост таны зохиолыг орчуулж байсан юм шүү хэмээн хэлж гайхлыг нь төрүүлж байжээ.Үнэхээр “Барууны ертөнцийн шинэ дээжис” цоморлигт “Үлисс”-ын төгсгөлийн 18 дугаар хэсэг болох “Пенелопа” орчуулагджээ. Тэр үед хэвлэл мэдээлэл байсангүй, тэр хүний амнаас гарч байсан байна. Хориотой зохиол, гадны юм орчууллаа гэж хэлмэгдэж явсан үе ч бий. 1937 оноос “Дублинчууд” зохиолыг орчуулж эхэлснээс хойш 45 жилийн дараа 1982 онд л дөнгөж “Гадаадын уран зохиол” сэтгүүл дээр Дублинчуудыг хэвлэж нийтэлсэн байна. Дэлхийд ингэж хэлмэгдсэн зохиолч Жойсоос өөр байхгүй.

– Уг номыг орчуулж гаргасантай холбоотой та нэлээд их зардал гаргасан байх. Энэ том номыг санхүүжүүлэгч хэн байв, борлуулалт ямар байна?

– Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэдэг шиг “Мөнхийн үсэг” компани маш сайн, хэвлэлийн өндөр түвшинд шинэ технологиор хэвлэсэнд талархсанаа хэлэх нь зүйтэй. Захирал Ганбат олон жил хамтарч ажиллаж байгаагийн хувьд тодорхой хэмжээний үнийн хөнгөлөлт үзүүлсэн л дээ. Дээр нь бас ойр дотны найз нөхөд, уран зохиолд элэгтэй бизнес эрхэлдэг нөхдүүд маань бэлэг сэлт болгоод өгчихье гээд авсан. Өнөөдөр номын нээлтэн дээр тав аравхан хүмүүс ирэх болов уу гэсэн чинь нэлээд хүн ирээд эхний өдөр гэхэд хориод ном зарагдсан. Тэгэхээр Монголд бас Жойс тийм нууцлаг, тийм шинэ биш байна гэдгийг ойлгосон. Ойлгохыг хүсээд харь хэл дээр нь уншаад ойлгодоггүй юмаа гэхэд Монгол хэл дээр нь гарахыг хүлээж байсан залуучууд сэтгэгдлээ хэлж байсан. Монгол хэл дээр гарчихлаа, үүнийг л уншъя гэж. Би их баярлаж байсан. Уран зохиол судлаач, ялангуяа залуу яруу найрагч, жүжгийн зохиолч, уран зохиолд амьдралаа холбож байгаа хөгшин залуу гэлгүй уншаасай.

“Үлисс”-ын орчуулгын талаар, өөрөөр хэлбэл маш их цаг хугацаа зарж орчуулсан мэргэжлийн орчуулагчийн хувьд өөрөө өөрийгөө хэрхэн үнэлж байна?

Яах вэ, хөгжиж байна гэж ярьж байгаа боловч дэлхийгээс их хол байна. Монгол өнөөдөр дэлхий дээр ганцаараа биш. Тэгэхээр энэ агуу зохиолуудыг монгол хэл дээрээ унших боломжийг олгоод байхад авах юмсан, уншихсан гэж хандаж байгаа хүмүүс харьцангуй цөөн байгаа нь жаахан харамсмаар байна. Жойсыг хамгийн гол нь ойлгохгүйдээ ч юм уу эсхүл өөрийгөө хөгжүүлэхгүйдээ ч юм уу. Манайд гарч байгаа зохиолууд Жойс шиг олон талын дээд түвшний мэдрэмж төрүүлэхгүй гэж би боддог. Зохиолыг уншаад ойлгохгүй хүмүүс ард талын тайлбарыг уншаарай. Дуу нь ноттойгоо, үгтэйгээ байж байх жишээтэй.

Жойс өөрөө хэлж байсан. Ирландаас хол амьдарч байхдаа Англичууд Ирландыг Дублин хотыг эзэлж өөрийнхөө соёл иргэншлийг дэлгэрүүлж магадгүй гэж дотроо их айж л явсан байна. “Үлисс” -ийг уншихад Ирландыг, Дублин хотыг дахин шинээр бүтээж болно, энэ дотор гарч байгаа түүхэн хүмүүс, улс төрчөөс авахуулаад нийгмийн бүх л давхаргыг, тухайн үеийг тод томруун өгүүлсэн байдаг. Гадаад үгний тайлбараас гадна арван гурав дөрвөн хэл дээр байгаа. Орос дээр орчуулахдаа ч алдсан байдаг юм байна лээ. Монгол дээр орчуулахгүй үг ч олон байсан.

100 хувь гэж хэлэхгүй ээ, 99.9 хувь орчуулга хийсэн гэж бодож байгаа.Гадаад үгнүүдийг заримыг нь нийлүүлээд биччихсэн байна, гадаад хүний нэр ч явж байх шиг. Тэр нь үзэхээр жаахан егөөдсөн ч юм шиг, цаад утгаар нь хэлчихсэн байдаг. Монгол дээр орчуулагчийн хийх ёстой зүйлүүд байна ш дээ, тэр талаасаа нэлээд сонирхолтой юмнууд байсан. Орчуулахад хүндрэлтэй байгаа зохиолууд бас их амттай байдаг.

– Монголын орчуулгын түвшинг, тэр тусмаа залуу орчуулагчдын түвшинг яаж тодорхойлж байна. Бусад орчуулагчдынхаа тухай?

– Энэ номоо хэнээр редакторлуулахаа бодчихсон байсан. Тэр бол миний хамгийн сайн найз Г.Аюурзана. Горькийн утга зохиолын сургуульд дөрвөн жил нэг өрөөнд амьдарсан. Ярьдаг сонирхдог зүйл маань ойролцоо, үзэл санаа нэгтэй. Жойсыг орчуулах тухай ярьж байхад би редакторлана аа гэж хэлж байсан. Аюурзана маань редакторлаад нөхрийн хувьд биш өөрийнхөө хэмжээнд дүн тавьсан. Энэ номыг уншсан хүмүүс ямар дүн тавьсныг ойлгох байх.

Мэргэжлийн болон сонирхлын орчуулга өөр л дөө. Яг одоо номын дууг нь сонсож ногоотой шөлийг нь уусан орчуулагч хүн бол ерөөсөө тухайн орчуулаад байгаа зохиолынхоо, дээр нь өөрийнхөө төрөлх хэлээ сайн мэддэг байх хэрэгтэй. Олон талын мэдээллийг уншсан, янз бүрийн юм л гарч ирэхэд мэдэхгүйгээс болж гацвал хүнд буруу сэтгэгдэл төрүүлэх бүтээл болно.

Ер нь нэлээд амаргүй л ажил даа. Харамсалтай нь Горькийд маш цөөхөн орчуулагч бэлдсэн байдаг. 1982 онд Н.Энхбаяр нарын дөрвөн орчуулагч, сүүлд бас дөрвүүлээ л төгслөө шүү дээ. Эд нар маань ч мэргэжлээрээ явахгүй, өөр өөр салбарт ажил төрөл эрхэлж байгаад тиймхэн байдаг. Аюурзана маань яруу найргаар төгссөн боловч орчуулга руу орсон. Өөрийн гэсэн орон зайтай, орчуулгууд нь бас сайн гэж би боддог. Өөр одоо надад магтаад муулаад байх ямар ч сонирхол алга байна шүү дээ. Дор дороо л өөрийгөө чадалтай гэж бодоод л, зарим нь ч тав арван төгрөгийн төлөө юмаа хийж байгаа байх. Яг орчуулгаараа явбал амжилтанд хүрнэ гэдэг шиг уйгагүй тэвчээр шаардсан ажил. Болж өгвөл энэ замыг сонгосон залуучууд шантрахгүй байгаасай. Эхний ээлжинд сайн багштай, сайн редактортой нөхөрлөж чанартай бүтээл гаргах нь чухал юм.

Зүгээр нэг цаг зуурын үзэгдэл байна. Орчуулагч цөөнтэй, оюун санааны хувьд цангачихсан, дээр нь бизнес хийчихье гэсэн хүмүүс сонины ч, номын ертөнцөд ч байна. Номын худалдаа эрхэлдэг хүн өөрсдийнхөө мэдрэмжээр болсон болоогүй хүмүүст ном захиалаад ямарч хянан тохиолдуулсан юмгүй баахан жорлонгийн цаас ч юм уу юм үйлдвэрлээд л, тэгээд хүний тархийг угаагаад л байна. Тэр нь эргээд нийгэмд өгөх өгөөж нь юу байна. Тухайн хүнд эзэмшсэн мэргэжил, авъяас зэрэг хүчин зүйлүүд байж хийхээс биш мэдэхгүй салбар руу орвол шатахын цондон гэдгийг бас хэлчихье. Би бол хүн чаддаг чаддаг зүйлээ л хийсэн нь дээр гэдэг зарчмыг баримталдаг.

Advertisements
Categories: Ярилцлага | Шошго: | Сэтгэгдэл бичих

Нийтлэлийн удирдлага

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

%d bloggers like this: