Ц.Буянзаяа

 

     Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт зохиолч Ц.Буянзаяагийн “Гүн санааны дүрс” номын шүлгээс “Үдийн цай”-гаараа дээжлэн хүргэж байна.

 ГҮН САНААНЫ ДҮРС

Зуны борооны тунгалаг ширхэгт нуугдан үлдсэн чи бидний залуу нас
Өвлийн цастай хамт шүхэрлэн буух адил
Яруухан бас гунигтай энэ хорвоог танихын тулд би
Олон олон өдрүүдийг сэтгэлээрээ туулжээ.
Сэтгэл минь голын чулуу мэт өөгөө гээжээ.

Дорно зүгээс нисэн ирсэн хаврын шувуу
Өрнө зүгт төөрөн нисч хэдэн намраар
даль жигүүрээ цуцаан байж буцах шиг
Төвөгтэй атлаа уянгатай энэ орчлонг нээхийн тулд би
Дэвтэр дэвтэр жилүүдийг бодлоороо гэтэлжээ.
Бодол минь элсний ширхэг мэт хатаагджээ.

Өөгөө гээсэн сэтгэл,
хатаагдсан бодол хоёр минь, одоо надад
“Өгсөх, уруудах хоёр адилхан тэгш юм” гэсэн
Өнгөгүй, жаазгүй… бас аялгуугүй, дүрсгүй зургийг
Өрөөний минь хананд, бүгдийн нүдэнд
Илээс илээр, тодоос тодоор, бүдгээс бүдгээр зурж өгчээ.

2011.04.08.

ЭРГЭЦҮҮЛЭЛ
Орчлонгийн бүх замаар би явж чадахгүй,

                                                  хэрэг дээрээ амжихгүй, /гэхдээ/
Зам бүхэн адилхан гэдэгт л харин эргэлзэхгүй байна
Овоо толгод, элсэн говь, далай тэнгисүүд, /үнэн чанартаан/
Огт ондоо юм шиг хэдий ч дусал мэт адилхан гэдгийг мэдэрч байна
Мэлхий ваагалах, хөхөө донгодох, гөрөөс буухирах, хэрээ гуаглах
Мэдээж ялгаатай юм шиг байвч сайн сонсвол нэг л аялгуу юм
Хүмүүсийн туулсан амьдрал, зүүдэлсэн зүүд хоёр салангид мэт хэдий ч
Хүсэл, гунигыг хамтатган үзэхэд нэгэн гольдролын хөврөл л юм
Дангаар орших ширхэг чулуу, эс бөгөөс ургаж буй цэцэг

                                                     энэ орчлон дээр нэгээхэн ч үгүй юм
Дан ганц сэтгэлийг тэгэхлээр оршихуйн  үндэс хэмээн итгэх нь  ердийн,
хэврэг л найдвар юм
Оюун тархиндаа би учралыг хагацал хэмээн итгэж,

                                                     хагацлыг учрал гэж ойлгодог болсон
Ой санамжиндаа би цаг хугацааг зогсонги,

                                                     үхлийг хөдөлгөөн болохыг таньдаг болсон
Эс бөгөөс би харууслыг хайр хэмээн тунгааж,

                                                     алдааг ялалт хэмээн эндүүрч
Ирээдүй цагийг өнгөрсөн цагтай хамт цохилж байгааг

                   анзаарахгүй амьдрахыг л   илүүд үзэхээс өөр зүг чиггүй болсон.

2011.06.22.

СЭТГЭЛ
Хамгийн эхний яргуй дэлбээлж чадалгүй хөлд гишгэгдэхийг
Хамгийн сүүлчийн навч хийсч чадалгүй амь тасрахыг би
Зүрхээрээ мэдэрдэг.
Зүрх минь орчлонгоос уяатайг ч бас анзаардаг.
Чиний гуниглан буй төрх миний сэтгэлд адилхан гунигт ахуйг бүтээдэг
Чамаас ангид оршин байгаа гэдэгтээн би үргэлж эргэлздэг
Чиний хацрыг даган урсаж буй нулимс миний сэтгэлд сорви болон хоцордог
Чи надаас, би чамаас алслагдсан тэр л замууд

                                                              хаана байгааг хаймаар санагддаг.
Энэ дэлхий дээр надад хамаагүй хотууд нэгээхэн ч үгүй юм
Эгнэгт дахин учрахгүй андынхаа шарилын бичээсийг

                                                              унших тухай төсөөлөхөд ч бэрх юм
Элэг зүрхэнд минь тодхон үлдсэн дүр төрхийг нь, дуу хоолойг нь
Энэхэн хорвоогоос холдсон гэдэгтэй эвлэрэхэд ч хэцүү юм.
Надад хамааралгүй урсаж буй ус, уугиж буй утаа ч гэж ер алга
Миний зүрх сэтгэлд эс оршиж буй зүйлс гэж огтхон ч алга
Үл тасрах гинжин холбоогоор сэтгэлтэй минь холбогдсон энэ л замлинг
Үүрд хайрлах хүслээ торгоон тогтоох хаалт,

                                                               хашлага ч надад олдохгүй нь.

2011.07.25.

Advertisements
Categories: үдийн цай | Шошго: | Сэтгэгдэл бичих

Нийтлэлийн удирдлага

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Blog at WordPress.com.

%d bloggers like this: