Monthly Archives: 1 сар 2013

шүлгүүд

Шинэ он гарсаар блогтоо юу ч оруулаагүй юм байна. Та бүхэндээ шүлгээсээ дээжилвэй.

***
Бодол зурсхийх
Аянга цахилах
Шүлгийн ганц мөр гялсхийх
Ав адилхан агшин юм
Ав адилхан агшин ч, нэн тунгалаг юм

Болзоонд догдлох
Болор хундаганаас дарс шимэх
Босон суун хүлээж ядах
Ав адилхан удаан юм
Ав адилхан удаан ч гэрэл гэгээ юм

Амьдралын сайхныг сануулдаг болохоор
Аль аль нь өнгөлөг юм
Ав адилхан юм
Анхаарах ч хэрэггүй яруу тунгалаг юм
2012.12.15

****
Чи бидний уулзалт
Чимээгүй
Тэгсэн мөртөө
Чин үнэнээсээ
Бие биеэ хүссэн байсан

Чи бидний үнсэлт
Чимээгүй
Тэгсэн мөртөө
Чин үнэнээсээ
Бие биедээ тэмүүлсэн байсан

Чи бидний холдолт
Чимээгүй
Тэгсэн мөртөө
Чин үнэнээсээ
Бие биеэ хайрлахгүй болсон байсан

Чи бидний салалт
Чимээгүй
Тэгсэн мөртөө
Чин үнэнээсээ
Бие биеэсээ залхсан байсан
2011.02.25

ЧИН ҮНЭНЧ СЭТГЭЛ МИНЬ ХЭВЭЭР БАЙХАД
Унасан газар угаасан усаа шүтэж явдаг
Ухаант аав ээжийнхээ сүнс сүлдэнд мөргөж явдаг
Уужуу сэтгэлтэй анд нөхдөө түшиж явдаг
Ургаж төлжих шинэ бүхнээр бахархаж явдаг
Чин үнэнч сэтгэл минь хэвээр байхад
Чигч бодолдоо би юу алдсан гэж.
Амраг минь хүнийх ч амьд харагдаж байдаг
Алаг нүдэн охид минь зуны ногоо шиг ургаж байдаг
Азтай сайхан алтан мөнгөн өдрүүд урсаж байдаг
Адтай залуу намайг сонирхсон хэвээр байдаг
Үнэн амьдрал минь үргэлжилсээр байхад
Өөртөө би юу алдсан гэж.
Тэнгэрт нар сар ээлжилсээр
Тэнүүн амьсгаа авч агаар залгилсаар
Айргаа ууж, дуугаа дуулсаар
Амьдрал гэдэг тоглоомонд амралт бас байдаг
Толгой өргөн цээж тэнэгэр алхаж явахад
Тэгээд би юу алдсан гэж.
2004.03.05

Categories: Шүлгүүд | Шошго: | 1 Сэтгэгдэл

“Шинэ мэдээ” сонинд 2001 он

      2001 оны 8 сарын 30-ны “Шинэ мэдээ” сонины 31/115 дугаарт “Уруулын өнгө намрын салхинд онгож” гэдэг номоо нэрлэсэн шүлэг, “Дотроо би юу боддогийг” нэртэй  шүлэг маань бяцхан блиц ярилцлагын хамт гарч байсан юм. Тэр үедээ их л баярлаж байсан санагдана. Одоо харахад их хөөрхөн,  инээдэмтэй, дурсамжтай л санагдаж байна. Бас “Дуулим энэ хорвоог Дурлахгүйгээр яаж барах вэ дээ гэдэг” 2 мөр нэг хэсэгтээ л найзуудын маань  амны уншлага болсонсон. Untitled-3

Categories: Он цагт би оршном | Шошго: | Сэтгэгдэл бичих

Blog at WordPress.com.