Monthly Archives: 3 сар 2013

Рабиндранат Таагүүр

Бараагий чинь харахгүй гэхээс

Энэ насандаа бараагий чинь харахгүй болбуу гэхээс

Элэг зүрх рүү өргөс шаах шиг болном, өндөр тэнгэр минь

Сэрүүн унтаа хоёрт

Сэтгэлээс гардаггүй зовлон энэ дээ.

Өдөр шөнийн алинд ч

Өрц нухдаг шаналал энэ дээ.

Орчлон хорвоогийн зээл дээр хэдэн ч өдөр өнгөрүүлж

Олз омгоор хоёр гараа хичнээн ч дахин дүүргэх билээ

Тэрнээс би юу олном

Тэгээд ч намайг эс үзнэм

Зүрх сэтгэлийн минь энэ бодол

Зүү шиг шивээд байдаг юм даа

Ажилгүйн шалтгаанаар замын хажууд сууж байлаа ч гэсэн

Амрахын учраа ор дэвсгэр засан хажууллаа ч гэсэн

Хачин бодол урган төрнөм

Харьд явах дэмий санагданам.

Бараагий чинь харахгүй бий дээ гэхээс

Байн байн зүрх шимширнэм

Намайгаа битгий мартаасай гэж сэрүүн ч унтаа ч залбирнам

Наддаа чи минь ирэхгүй бий гэхээс зүрх зогсох шиг болном.

Наадам инээдэм дүүрч, лимбэ хуур эгшиглэвч

Нарийн бараа, гоёл засал гялайн цалайн ирийлгэвч

Сэрүүн унтаа хоёрт

Сэтгэлээс гардаггүй зовлон энэ дээ.

Өдөр шөнийн алинд ч

Өрц нухдаг шаналал энэ дээ.

Намайгаа чи минь мартуузай гэж

Насан турхруу залбирах минь дээ.

Хагацал зовлон

Орчлонгийн тоос товрог бүхнээ шингэсэн хагацал зовлон чинь

Ой мод, үүл агаар, далай олон дүрээр хувилжээ

Нам гүм шөнийн турш оддын зул барьж гийгүүлэн

Нарийнаа дүрий чинь тодруулах нь ч цав хэмээн хагацал зовлон чинь буюу.

Намрын эхэн сарын үес хурын дусалд чичрэгч

Навчсын дуу зохирон дуртах нь ч мөн хагацал зовлон чинь буюу.

Эмэгтэй хүний сэтгэл, янаглал, итгэл жаргал, зовол

Элдэв дүрээр айл гэрт түгсэн нь ч цаглашгүй хагацал

Эгшиг дуу, элэг зүрхэнд минь ч бялхан дүүрсээр аанай

Эн захгүй хагацал зовлон хайлан урссаар амуй.

Ганцхан удаа

Ээ, эр нөхөр минь

Энүүхэн хүслийг минь хүлээж ав

Энэрч ганцхан удаа хүлээж ав

Эгэж битгий яв

Хагацаж явсан тэр өдөр чинь

Хар шороо үмхэх адил гутамшиг амссан билээ.

Харин одоо чинийхээ л гэрэлд

Өөдлөн амьжрах цоморлигоо дэлгэх гэж

Өдрөөс өдөрт сэргэсээр байнам би.

Хэрхэн учир элий балай болж

Хэнийг чухам эрэл болон хайж

Хэрэн хэсэн төөрч мунгинадаг билээ

Хэн үүнийг айлдах билээ

Өр зүрхэн тушаа минь чихээ тавиад

Өөрийнхөө дууг олж сонсооч

Гайтай эд буюу хуурамч хүчин надад буй ахул

Гаргаж ил үзүүлээд өгөөч

Гандаж түүнийг шатаагаад хайрлаач

Сүүдэр

Хайрт минь.

Би чамтайгаа уулзахаар

Хань хамсаагүй ганцаархнаа алхаж явлаа

Хав харанхуй, чив чимээгүй атал миний

Хажууд чухам хэн явалцаж байгаа вэ?

Түүнээс холдож салах гэж би тун ч их оролдлоо

Түүгээр үүгээр тахир муруй замаар ч явж үзлээ

Тэр бүрийд байхгүй л болох шиг санагддаг юм

Тэгсэн хэдий боловч алхах чимээ нь дуулдаад байдаг юм

Газар дэлхийн тоос манаруулаад л явдаг юм

Гайхалтай жигтэй хөнгөлүү шингэлүү юм тэр.

Үг хэлэх бүрийд дуугаа тэр оролцуулдаг юм

Үзтэл тэр сүүдэр минь биш билээ, шүтээн минь

Үнэндээ тэр бол ичгүүргүй гэгч л байгаа юм

Үүнтэй цуг чинийхээ гэрийн

Үүдэнд очихоос ичээд байдаг юм даа.

Advertisements
Categories: үдийн цай | Шошго: | 1 Сэтгэгдэл

Blog at WordPress.com.