“СЭРЭХҮЙН СЭРЖИМ” ӨРГӨЖ БУЙ НАЙЗДАА

 

Эрдэнэт хотноо суугаа яруу найрагч найз Х.Байыт маань энэ оны “Наурызын баяр”-аар “Сэрэхүйн сэржим” хэмээх яруу найргийн цоо шинэ түүврээ гаргасан нь нарны баяр, дэлхийн яруу найргийн баяр, номын баяр гээд гурван баяр давхацсан 75тунгалаг өдрүүд болой. Төрсөн хэлээрээ биш сурсан хэлээрээ шүлэг бичиж байна гэж нэгэн “Болор цом”-ын наадамд шүлэг уншихдаа хэлсэн нь үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж нижигнэтэл алга ташуулсан билээ. Мань хүн ч өөрөө энэ үгээ хэлэх дуртай. Бас дэлхийд хоёрхон Дэлүүн байдгийн нэгэнд нь Чингис хаан, нөгөөд нь би төрсөн юм гэж онгирно оо. ”Баян-Өлгийгөөс анх ирэхдээ Байыт” гээд л бид бас жаахан явуулна. Бүр онигоо зохиосон нь баяжаад л. Хоёр гуравхан настай байсан хүүхдүүд нь өнөөдөр танихын аргагүй сайхан залуус болчихож. Аавынхаа номыг авчирч өгсөн Жанкаг харахад л аяндаа он цагийн урт богиныг анзаарахгүй өнгөрөөсөн гэдгээ мэдэрнэм. Тэгэхээр аль 1990-ээд оноос хойш өдий хүртэл үерхэж яваа үе тэнгийн нөхдүүд юу эсийг ярьсан гэхэв. Ямартай ч уран бүтээлийн он цагийг хамтдаа туулсаар өдий хүрчээ. Дэлхийн яруу найргийн баярыг Монголд тэмдэглэдэг болсноос хойш бид уламжлал болон Байытынд очдог болсон. Найргийн баяр тэмдэглэсэн халуун эрчээрээ нарны баярыг тэмдэглэж эхнэр Гултайн хийсэн гарын цай хоолыг идэж, наурызын баярыг сонгодог утгаар нь тэмдэглэсээр иржээ. Харин энэ удаа хотод суугаа ч DSCF1295гэсэн утас цохиж уламжлал ёсоор баяр хүргэсэн чинь шинэ номын баяр давхцсаныг олж мэдсэн төдийгүй хэдхэн хоногийн дараа гар дээрээ тавьчихсан, найзынхаа тухай дурсаж суугаа нь энэ. Байытын анхны номоос авахуулаад “Сэрэхүйн сэржим” хүртэлх бүх ном надад бий. Өнгөрсөн жил гаргасан “Сарны сүүдэр” богино өгүүллэгийн номноос бусад нь бүгд түүний төрсөн хэл дээр хэвлэгдсэн. Харин дээр нь надад хандаж миний хэлээр бичсэн сэтгэлийн үгс бичээстэй байгаа. Мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор харагдах эдгээр казак хэл дээр хэвлэгдсэн номнууд Байытын өлгийдөж авсан үр хүүхдүүд тул эрхэмлэн дээдэлсээр, номын сандаа найзын сэтгэлийн үгийг нандигнан хадгалсаар ирсэн гэдэг маань үнэн юм. Харин “Сэрэхүйн сэржим” гэсэн нэрийг хараад, миний хэл дээр бичсэн энэ олон шүлгээс миний мэддэг нь хэд бол гэж машид сонирхон, баярлан угтав аа. Аа энэ байна, энэ биш ээ гээд л өөрөө өөртэйгээ ярин шүлгүүдийг нь шүүж гарав. Хамгийн сайн мэдэх “Багтахын шүлэг “ шууд л цээжинд бууж байна. Тэгэх тэгэхдээ төгсгөл нь шууд л санагдав. Өөр бас хайр, ээж дүүрэн байна аа. Нас явахын хэрээр найз маань бас өсжээ. Ихэнх нь шинэ шүлгүүд байна. Улаанбаатарт ирээд уулзаагүй удсан болохоор цоо шинэ ном, цоо шинэ ертөнц, цоо шинэ Байытыг л харав. Үнэхээр ухаарал хайр дуурэн, уянгалаг шүлгүүдээр сэрж, сэржим өргөж буй найздаа амжилт хүсье.

БАГТАХЫН ШҮЛЭГ
Тэнгэрийг эзэгнэсэн
Жигүүртний хаан бүргэд
Ухаант хүний торонд багтдаг
Үхлийг сөрсөн зоригтон мунхгуудад ад болж
Шоронд багтдаг
Түмэн үеийг багтаасан өргөө цагаан гэр
Ачаалахад тэмээн жингийн хомонд багтдаг
Үе үеийн цадиг түүх
Өөдөсхөн чинээ номонд багтдаг
Хорин баатар хүү төрүүлэх
Үзэсгэлэн төгөлдөр бүсгүй
Амраг эрийн тэвэрт багтдаг
Хорвоог донсолгох чадалтай
Ухаан төгс хүчит эр
Эхийн амгалан хэвлийд багтдаг
Орчлонд багтахгүй тэрсэлдэг
Хүмүүн хэмээх араатан
Оноо нь болоод ирэхээр
Оготоны нүхнээс долоон дор
Авсанд багтдаг аа
2006 он

Нэгэн үед
Надад дурлаж
“Чамгүйгээр би амьдарч чадахгүй” гэж
Ам алдаж байсан сайхан бүсгүй
Намбатайхан нэгэн эрийн цээжинд нүүрээ нааж
“Чамгүйгээр би амьдарч чадахгүй” гэж
Эрхэлж байхыг нь харлаа
Би гайхаагүй
Орой гэртээ ирэхэд
Гэргий минь инээмсэглэн угтаж
“Чамгүйгээр би амьдарч чадахгүй” гэж
Цээжинд минь нүүрээ нааж эрхлэв
Яагаад ч юм бэ мэдэхгүй
“Хэн нэгэн сонсчихоогүй байгаа даа “ гэх шиг
Би эргэн тойрноо харав
Хорвоо үнэхээр жижигхэн.
2011 он

Орь залуу байлаа
Олон сайхан
Охид хүүхнүүд надад дурлаж
Олон сайхан
Охид хүүхнүүдэд би дурлажээ
Олон сайхан
Охид хүүхнүүдэд намайг гомдоож
Олон сайхан
Охид хүүхнүүдийг би гомдоожээ
Олон шил ч архи ууж
Огт согтдоггүй
Охь арзыг ч даадаг байж
Одоо нас ахиж
Уусан архиндаа согтдог болж
Унтсан хүүхнээ магтдаг болж
Өө гайхах юун
Өнөөдрийн намайг согтоогоод байгаа
Өнгө тунгалаг ундаа- архи биш
Миний гомдоож уйлуулсан охидын
Хорсол хайранд исэж
Хорз болсон
Нулимс байх гэж бодном.
2012 он

Advertisements
Categories: Нийтлэл | Сэтгэгдэл бичих

Нийтлэлийн удирдлага

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Blog at WordPress.com.

%d bloggers like this: