Monthly Archives: 5 сар 2013

Р.Рождественский

ВАСИЛИЙ ШУКШИНЫГ ДУРСАХУЙ
Алтан угсаа
Амарлингуй сэтгэл минь,
Алсын босго хүртэл чамайг
Айхтар яаруу үдлээ дээ!
Та минь
Өөрийнх нь бүтээлийг
Үзээгүй байсан юм гэж үү?
Ам хуурайгүй магтах яриагаа түр тасалж
Надад үүнийг хариулаад өгөөч!
Амьд байхдаа тэр
Авсанд байгаагаасаа
Аль нэг юмаар дор байсан гэж үү?
Магтаалд улайдсан сэтгэлийнхээ галыг дарж
Надад нэг хэлээд өгөөч!
Оршуулах ёслол
Гашуудлын цагаалга өнгөрлөө
Одоо тэр хүн
Хар жаазанд орсон хойноо
Гангарч авъяас нь тодроо юу?
Үхсэн хойно нь
Магтана гэдэг
Авсан дээр нь
Шагшина гэдэг
Хамгийн хэрцгий тоглоом
Харсаар байтал
Гашуун шоглоом
Арц хүжний утаатай зэрэгцээд
Магтаалын багана тэнгэр туллаа…
Амьд сэрүүнд нь
Та минь
Хаана байсан улс вэ?

……

Энгийн юманд итгэх юм бол
Эрэгцүүлж сайн бодох юм бол
Үнэндээ гэхэд
Үрэгдсэн найрагчдын алдар
Алуурчныхаа нэртэй л
Адил хэмжээнд байх юм.

Хаадын алдрыг мэдэхгүй хэрнээ
Харин чухам хэний нэрийг
Хаа тэртээгээс санаж байгааг
Хараад үзэцгээ л дээ
Мартынов, Дантес гээд л байсныг
Магад санаж байгаа
Алмай явдалтай
Ахар ухаантай
Атаа жөтөөтэй хүмүүс байлаа…

Нэрээ гаргахаар хийсэн
Гайхалтай юм юусан билээ
Нэг л удаа дүрсхийж
Сүрхий уурласан хүмүүс

Шарилын хайснаас гадуур
Шийтгэл буруутгал
Шал худлаа…

Хэрэгтэн тэдний намтар гэвэл
Хэвлэлийн будагнаас өөр үнэргүй
Хэзээ язааны тохь хүмүүс
Хөргөн дээрээс инээмсэглэж байна
Яая гэхэв дээ одоо буугаа
Яруу найрагчид руу онилоод бай
Түүхэнд тэгвэл та
Түвэггүй орж магадгүй

……
Загас амрахаар модны мөчирт аслаа гэхэд
Би итгэнэ
Замагт усанд туулайхан ядартлаа гэхэд
Би итгэнэ
Адуу итали ном уншлаа гэхэд
Би итгэнэ
Адгуу тахиа тохитой томоотой боллоо гэхэд
Би итгэнэ
Эмсийн ордонд энгэсэг ханхлахгүй байхад
Би итгэнэ
Энэтхэгт цас орж мөсөн далайд нар шарлаа гэхэд
Би итгэнэ
Арслан махнаас гарч ногоо иддэг боллоо гэхэд
Би итгэнэ
Аймхай хүн тулаанд улайран дайрч орлоо гэхэд
Би итгэнэ
Ядуу хүн инээд алдан мөнгөө шатаалаа гэхэд
Би итгэнэ
Янхан хүүхэн цэвэр ариун байлаа гэхэд
Би итгэнэ
Харгис алуурчин нүглээ наминчилж уйллаа гэхэд
Би итгэнэ
“Хайртай” гэж чамайг хэлэхэд
Харин жаахан инээд хүрнэ
Тэгэхдээ бас итгэнэ ээ.
……
Хаа нэгтээ
Халуу шатаж, наранд цохиулж байдаг
Хавсарга тавиад
Хүйтэн салхи
Хавирга нэвт үлээж л байдаг.
Харин чиний халуун
Арван Африкт
Хүрнэ
Хатуурхаж хөрхсөн мөс чинь
Антарктидыг ч
Бүрнэ
Дахиад л хилэнгээр олгойдон галт уул дэлбэрч байна
Дагжин чичирсэн газар дэлхий утаанд нь хахаж байна
Чи бол
Түймрээс догшин
Газар хөдлөхөөс хэцүү
Тэгсэн мөртлөө
Хоёр сартай нярайгаас ч мянга дахин арчаагүй
Өөрийгөө өмөөрөх явдалгүй
Өөр тийшээ ч хялалзах хэрэггүй
Алхам бүхэнд зүдэрч
Хором бүхэнд жаргахдаа би
-Эз хөтлөөд тамлуулав уу?
Аз дайраад шагнуулав уу? гэж
Ганихрах, баясахын зааг дээр
Гагцхүү өөрөөсөө асуух юм.

Ж.Лхагваа монголчлов.
Р.Рождественский  “Эргэх хорвоо” түүвэр 1983 он

Categories: үдийн цай | Шошго: | Сэтгэгдэл бичих

Blog at WordPress.com.