Шүлгүүд

Ижийдээ өгч чадаагүй

***

Ижийдээ өгч чадаагүй

Энэ бэлгийг

Эргүүлж хэндээ өгөх вэ

Эвлэрлийн бэлэг болгоод

Найз чамдаа өгчихье

Итгэл минь болог%d0%b3%d1%8d%d1%80_%d0%b1%d2%af%d0%bb_1

Эргэж буцахгүй

Сэтгэл минь болог

2016.11.05

Advertisements
Categories: Шүлгүүд | Шошго: | Сэтгэгдэл бичих

Найзад

cropped-mongolbusgui.jpg

 

 

 

 

Өнгөрсөн амьдралынхаа тухай үглэн дуулмааргүй байна

Өөрт чинь хамаагүй зүйлийн тухай тайлан тавимааргүй байна Үргэлжлүүлэн унших

Categories: Шүлгүүд | Шошго: | Сэтгэгдэл бичих

шинэ шүлгээ оруулав

10408086_676900639098752_499920190729317025_nЗүүдэнд ирлээ гээд
Зүрхээ чамд өгөхгүй
Хайрлахаас хаширсан зүрх
Хар зөнгөөрөө сэрэхгүй
Бодолд минь хоргоддог гээд
Биеэ чамд өгөхгүй
Бодсоор хаширсан тархи
Бор давхраагаа тэнийлгэхгүй
Сэтгэлд минь үүр заслаа ч
Сэм сэмхэн эргэж бодогдлоо ч
Зүрхээ чамд өгөхгүй
Биеэ чамд өгөхгүй
Зүүд ноёлогч чиний тухай
Зөндөө бодлоо ч харж чадахгүй
Зүгээр л
Бодол минь зүүдтэйгээ чам руу нисэж очоод
Зөн совин итгэл үнэмшлээ батална
2014.11.13

Categories: Шүлгүүд | Шошго: | 1 Сэтгэгдэл

Намар аа гэж

****

Навчин шаргал дээлээ тайлсан
Намрын модод эрт нүцгэрчээ

Насны хайраар эртэлж дутсан
Нөмгөн сэтгэлтэй минь эгээ л адил.

images

 

 

 

 

 

Үргэлжлүүлэн унших

Categories: Шүлгүүд | Сэтгэгдэл бичих

Ээждээ

cropped-lady1.jpg                 Санах гэдэг бэрх юм аа.  Хар нялхаараа үлдэж хоцорчихоод өдөр бүр ижийгээ санадаг байсан. Он цагийн эрхэнд ирэхгүй гэдгийг мэдсээр боловч ороод л ирэх юм шиг хүзүү хоолойндоо гуниг тээгээд хөөрхий ижийгээ санадаг байсан. Амьдрал үзээд, алдаж оноод баярлах гуних бүхэндээ ижийгээ санадаг байсан. Асуух ч хүнгүй нөхөрт гарчихаад, аравгар улаан охиноо төрүүлчихээд, амьтны хэл амыг дарж чадахгүй нялх байхдаа аврал болсон ижийтэйгээ сэтгэлдээ л ярьдаг байсан. Ижийгээ нэг ч хором нэхэл хатуу энэ амьдралд мартаж байгаагүй ээ. Баярлахдаа санаана, гомдохдоо санана, жаргахдаа санана, зовохдоо санана,  Алдахдаа санана,  аашлахдаа санана. Өдий хүртлийг туулахдаа  өөрийн бүхнээ таных гэж боддог доо. Санана таныгаа санана, санаан цаанаа л санана. Тэнгэрт мөргөж санана, бодолд умбаж санана. Аавтай ээжтэй, ахтай эгчтэй ханьтай ижилтэй хүний л амьдралыг туулахдаа эгшин бүрт нь санана. Таныгаа санана, алаг зүрх цохилохоо больж амьсгал татах тэр эгшинд ч таныгаа л санана ээжээ.

1.
Их л удлаа даа ижийгээ санасаар
Эргэж ирэхгүйтэй эгнэгт эвлэрдэг ч
Одоогийн миний насан дээр
Орчлонгоос явсан байх юм
Ойр холын сураггүй
Орхиод явсан байх юм
Гучин жил таныгаа саналаа
Гуниг зовлонг марттал саналаа
Гунигтай  жаргалтай залуу насаа хамт үдлээ.
Ач зээгээ тэврээд аз жаргалтай байлаа ч
Амьдрал хэмээх далайд алдаж онож явлаа ч
Ижий минь та
Гэрэлт зүрхний угаас хэзээ ч алга болоогүй
Гэгээн залуугийн зүс тань ердөө ч мартагдаагүй
Үр хүүхдээ хайрлахдаа үргэлж таныгаа санасаар
Үйл алхаа гишгээндээ үг хөдөлгөөнөө хянасаар

2.
Одоо би тавь хүрэх нь
Орхиод явсан тэр л насанд чинь
Олуулаа болоод ирчихээд байна
Ах минь дал хүрлээ
Дал давсан ахын минь давхраатай нүд
Ижийгээ санаад нулимстай
Эгч минь жар хүрлээ
Жаргалтай эгчийн минь зүсэнд
Жаахан ээж минь буугаад ирчихжээ
Хүний хүүхдээс дутахгүй амьдарч явааг хараад
Хайлган цайлган үрсээ хайрлаж л суугаад итгэнэм
Харж байгаа та биднийгээ
Хайрлаж л сууна таныгаа
Дэргэдээс харж байгаа шүү гэдэг
Дэндүү гэнэн бодол минь хэвээрээ л байна.
Тэрэндээ л хүн шиг амьдардаг  даа
Дэргэд та минь байгаа.

2013.07.12

Categories: Шүлгүүд | Шошго: | Сэтгэгдэл бичих

шүлгүүд

Шинэ он гарсаар блогтоо юу ч оруулаагүй юм байна. Та бүхэндээ шүлгээсээ дээжилвэй.

***
Бодол зурсхийх
Аянга цахилах
Шүлгийн ганц мөр гялсхийх
Ав адилхан агшин юм
Ав адилхан агшин ч, нэн тунгалаг юм

Болзоонд догдлох
Болор хундаганаас дарс шимэх
Босон суун хүлээж ядах
Ав адилхан удаан юм
Ав адилхан удаан ч гэрэл гэгээ юм

Амьдралын сайхныг сануулдаг болохоор
Аль аль нь өнгөлөг юм
Ав адилхан юм
Анхаарах ч хэрэггүй яруу тунгалаг юм
2012.12.15

****
Чи бидний уулзалт
Чимээгүй
Тэгсэн мөртөө
Чин үнэнээсээ
Бие биеэ хүссэн байсан

Чи бидний үнсэлт
Чимээгүй
Тэгсэн мөртөө
Чин үнэнээсээ
Бие биедээ тэмүүлсэн байсан

Чи бидний холдолт
Чимээгүй
Тэгсэн мөртөө
Чин үнэнээсээ
Бие биеэ хайрлахгүй болсон байсан

Чи бидний салалт
Чимээгүй
Тэгсэн мөртөө
Чин үнэнээсээ
Бие биеэсээ залхсан байсан
2011.02.25

ЧИН ҮНЭНЧ СЭТГЭЛ МИНЬ ХЭВЭЭР БАЙХАД
Унасан газар угаасан усаа шүтэж явдаг
Ухаант аав ээжийнхээ сүнс сүлдэнд мөргөж явдаг
Уужуу сэтгэлтэй анд нөхдөө түшиж явдаг
Ургаж төлжих шинэ бүхнээр бахархаж явдаг
Чин үнэнч сэтгэл минь хэвээр байхад
Чигч бодолдоо би юу алдсан гэж.
Амраг минь хүнийх ч амьд харагдаж байдаг
Алаг нүдэн охид минь зуны ногоо шиг ургаж байдаг
Азтай сайхан алтан мөнгөн өдрүүд урсаж байдаг
Адтай залуу намайг сонирхсон хэвээр байдаг
Үнэн амьдрал минь үргэлжилсээр байхад
Өөртөө би юу алдсан гэж.
Тэнгэрт нар сар ээлжилсээр
Тэнүүн амьсгаа авч агаар залгилсаар
Айргаа ууж, дуугаа дуулсаар
Амьдрал гэдэг тоглоомонд амралт бас байдаг
Толгой өргөн цээж тэнэгэр алхаж явахад
Тэгээд би юу алдсан гэж.
2004.03.05

Categories: Шүлгүүд | Шошго: | 1 Сэтгэгдэл

Шинэ шүлгүүдээ оруулав

****

Тэмдэглэлээ шатаая

Дэвтрээ шатаая

Дурсамжаа шатаая Үргэлжлүүлэн унших

Categories: Шүлгүүд | Шошго: | Сэтгэгдэл бичих

 “Зориод л гарахын цагт” шинэ номынхоо шинэ шүлгээс уншигч та бүхэндээ хүргэж байна.

 ЗОРИОД Л ГАРАХЫН ЦАГТ
Хаяа дэрлэж гэрийнхээ сүүдэрт унтчихаад
Гэр доторхи ижийгээ зүүдэлж сэрдэг шиг
Хажуу бөөрөн дээр чинь хот бараадаж
тоонот өргөж амьдарчихаад
Хашгирахын зайнд хоолой зангирч дуулах нутаг минь.
Эрдэнийн уулын энгэрээс ижий наран мандаж
Баян-Өндөрийн хормой руу эгч саран шургаж
Эргэн тойрон уулс нь миний л уулс байж
Эрдэнэтийн тэнгэр дор нутагтаа би суудаг
Ижий эгч хоёрынхоо ээлэн дунд нь жаргадаг
Алагхан толгойн цаадах Ачуутаа бодмогцоо
Айлчин болж эгчдээ очдог, цайгий нь санасан байдаг
Зориод л гарахын цагт Ачуут руугаа урсана
Зочин байж цайлчихаад л гэрээ санаж эхэлдэг
Буцаад гэр рүүгээ яардаг
Гэртээ харихаараа ижийгээ санадаг, нутгаа санадаг
Нутаг гэр хоёрынхоо дунд насаа элээх
Бүсгүй хачин араншин минь
Хаяаг чинь дэрлэж суучихаад
Хараа тавиастай нутаг минь
Бөөрөнд чинь наалдаж амьдрахдаа
Бүтэн яваа хүү чинь

2006.02.17
Эрдэнэт

ЦАГ ХУГАЦААНД ХАЙРТАЙ БОЛЖ БАЙНА

Цаглашгүй их гэрэл гэгээнд дуртай би
Чамин юмгүй ч, элгэмсэг дотно сэтгэлдээ хайртай би
Цаг хугацаанд хайртай болж байна

Хичнээн хайртай байснаа хожим ойлгосон
Хэнэггүй залуу насандаа хайртай болж байна
Залуу насыг минь залуугаар нь мөнхөлчихсөн
Цаг хугацаанд хайртай болж байна

Хором хормоор хүмүүний амьдрал уясаад ирэхээр
Хоног хоногоор амьдралд хоргодоод ирэхээр
Цаг хугацаанд хайртай болж байна
Цан цохих, маань унших
Сүмийн аялгуунд дуртай болж байна

2011.12.24

***
Хотын төвийн ганц саглагар улиасны
Навч нь гөлөглөөгүй мөчир дээр
Шаазгай хэрээ хоёр зэрэг суучихаад
Шагширч шогширч үгээ хэлнэ
Амьдын жаргалыг хэлэлцэнгээ
Айсуй хаврын тухай өөр өөрийнхөөрөө дуулна.

2010.05.20

****
Чамтай ярьснаас
Шоргоолжтой, эсхүл эрвээхэйтэй
Ярилцах амар юм
Бас шив шинэхэн
Шинийг мөрөөдөж шинэд тэмүүлж
Ирж байгаа хавар шиг, зун шиг
Шинэхэн юм

Чамтай ярьснаас
Навч тасрахыг ойлгох
Арван сарын бороонд
Норох амар юм
Бас ойлгомжтой
Өнгөрснөө үдэж
Навчсын гунигийг хуваалцаж
Явж байгаа намар шиг, өвөл шиг
Хуучин юм

2011.12.12

****
Ийм сайхан хүслээ би одоо
Юугаар ч солихгүй
Хүний амьдрал үргэлж
Аз жаргалтай байдаггүйг мэднэ
Зовлон жаргалыг туулуулж туулуулж
Сэтгэл санааг хэрэм мэт бөхлөөд
Амьдарсандаа хангалуун,
Амьдрахдаа итгэлтэй болохын цагт
Инээж угтдагийг ойлгуулахаар
“Амьдарна шүү” гэдэг
Бат сэтгэл модны үндэс байгаад
Амьдрах их хүслээ
Алт мөнгө, ажил төрөл
Юугаар ч арилжихгүйдээ л итгэнэм
Амьдралын амт, аз жаргал одоо л эхэлж байна
Амьдарсан шиг амьдарна аа хө.

2011.07.17

Categories: Шүлгүүд | Шошго: | Сэтгэгдэл бичих

***

Одоо, би чамайг санахгүй байгаагаа гайхахгүй

Огтоос ер санахгүй

Аль эрт тэнгэрт одсон

Аав ээжийгээ санахын  хажуугаар

Амь халуун цээжээ өвтгөн байж санадаг байсан

Уучлал, гомдол, хорсол, цөхрөл

Угаас элэг зүрхийг минь настай хамт мэрж байж

Байхгүй бүхний хойноос сэтгэл дотроо урж

Байгаа ганц зовлонгоо хоол мэт иджээ

Бат бэх хөрсөндөө суусан ганган цагаан хус мэт

Би амьдрах л хэрэгтэй

Үлдэж байгаа үргэлжлэл

Үр хүүхдээ шаналуулахгүйгээр

Үйл жамыг ойлгох хүртэл

Би буйгаараа оршиж

Бие сэтгэлээ бөхөлнөм

Цаг хугацаа ийм л юм

Цаг хугацаанд сэтгэл минь

Газрын хөрс мэт эдгэрнэм

Одоо, би яаж ч байсан чамайг санахгүй

Санахгүй байгаагаа ч гайхахгүй

2012.03.14

Categories: Шүлгүүд | Шошго: | Сэтгэгдэл бичих

****
Биеэ хуваах нас минь өнгөрсөн ч
Сэтгэлээ хуваах цаг минь ирж
Эрт урьдын ерөөл тавиландаа
Элэг зүрхнээсээ хайлж суунам

2008.05.03

****
Хулгана мууранд идүүлэхийн адил
Хувь заяанд идүүлж л байна
Бурхны зурсан зургаар амьдарч
Бусдынхаар зовмооргүй байна

2010.03.09

Categories: Шүлгүүд | Шошго: | Сэтгэгдэл бичих

Create a free website or blog at WordPress.com.