үдийн цай

Анна Ахматовагийн шүлэг

Нүүрномын анд Энхтуяа Чойндон Аннагийн энэ гоё шүлгийг

оруулсныг үдийн цайгаар уншуулмаар санагдаад. 10590559_418679221604813_5047543024305651497_n

НЭГЭН АЯГАНААС УС УУХ ХУВЬГҮЙ ЮМ

Нэгэн аяганаас уух хувьгүй юм
Амтат дарс, усыг ч уух хувьгүй юм.
Үүрийн саарал туяанд амрагийн бал амтлахгүй
Үдшийн намуунд хоёул цонхоор зэрэгцэн ширтэхгүй
Нараар чи амьсгалж, сарнаар би саатах гэлээ ч
Нэгэн их хайран дотроо нууцхан жаргалтай бид.
Үнэнч энхрий нөхөр минь үргэлж надтай
Үзэсгэлэнт хүүхэн хонгор чинь одоо чамтай
Саарал нүдэнд гэвч айдас хургах нь тодорхой
Сэхэшгүй энэ эмгэгийн санаат ганц буруутан чи.
Ахархан учирлын самуунд зүрхний тоос босголгүй
Амар түвшинг хоёул сахих л тавилантай юм даа.
Гэвч чиний хоолой шүлгэнд минь сонстож
Түрлэг дууны чинь айзмыг амьсгалаараа би түрнэ.
Ай, яасан ч мартахын аргагүй, хүрэхийн ч аргагүй
Аниргүй цоролзох тийм л түүдэг гал байх юм.
Сарнай цэцгийнх шиг ягаавтар атлаа хуурай уруул чинь
Сэтгэл зүрхэнд минь юу сэрээснийг мэдсэн ч бол доо чи.

 

 

Categories: үдийн цай | Шошго: | Сэтгэгдэл бичих

Шинэ үеийн Монгол яруу найргийн арван зургаан гарцаагүй

П.Батхуягийн  энэ нийтлэлийг нэг оруулчихмаар санагдаад байсныгаа өнөөдөр ажил болгов.

Аль эртнийх л дээ. Дахин сэргээгээд нэг уншиж байгаа маань энэ юм.

 

*****

Энэ арван зургаан гарцаагүй бол зөвхөн миний л сонголтоор, миний л тааллаар. Тиймээс гомдож гонсойх бараг л шаардлагагүй. Яагаад гэвэл би гэдэг чинь ганцхан л хүн. Ямар нэгэн академи, боловсролын хүрээлэн, хэл соёл судлалын төв биш. Тэгэхээр энэ эссээг уншаад олонх чинь тайвширч …болно. Бусдыг нь бурханд даатгая.

1. ГОМБЫН СЭР-ОД
Монгол яруу найргийн нэгэн содон төлөөлөгч 1917 онд одоогийн Сэлэнгэ аймгийн нутаг тэр цагийн олонд их л алдартай Дарь эхийн сүмийн ойролцоо ядуу малчин бүсгүй нь гэрт мэндэлжээ. Хөвгүүнийг Гомбын Сэр-Од хэмээн нэрлэсэн бөгөөд тэр хүү дөнгөж 23 насалсан боловч монгол хэлт яруу найргийн түүхэнд арилшгүй мөрөө тодоор үлдээх хувьтай нэгэн байжээ.
Бага насандаа ядуу бэрх амьдралыг туулсан хөөрхий хүү эхийн хамтаар Дарь эхийн сүмийн малыг хариулж амь зуулгаа залгуулж явсан гэдэг.
Нэгэн сонин түүх өгүүлбээс түүнийг төрөхөөс 11 жилийн өмнө мөнхүү хийдийн хамба дөнгөж төрсөн нэгэн хөвгүүний хувь тавилан, заяа төөргийг үзээд “ хожим их номтой хүмүүн болох хувьтай хүү байна. Ухаан суух насанд нь хийдэд шавилуулж, хуврага болговол зохино гэсэн нь ХХ зууны монголын их соён гэгээрүүлэгч, билгүүн номч Бямбын Ренчин байсан ажээ. Монголын уран зохиолын хоёр содон ертөнц хүүхэд ахуй насандаа нэг нь Дарь эхийн сүмд шавилахаар түвд, монгол хэл бичигт суралцаж, харин нөгөө нь сүмийн мал хариулан гүйж явжээ.
Г.Сэр-Од шинэ цагийн эхэнд сургууль номын мөр хөөж, нэгэн цагт Цэдэнжав зохиолчийн шавь гэгдэн, уран зохиолын амтанд орж, шүлэг дуулал зохиож, хожим багш нь шавийгаа “улстөрийн дайчин дуу хоолойгүй, уран найруулахаас хэтрэхгүй шүлэгч” хэмээн хатуугаар дүгнэж байлаа. Ном эрдэмд шимтэн суралцаж, эртний түүх –уран зохиолын хийгээд гадаадын гайхамшигт зохиолчдын бүтээлийг зав чөлөөгүй уншин судлаж байсан тухай тэр цагт хамт суралцаж байсан нөхөд нь дурсан өгүүлсэн байдаг. Яруу найраг үнэхээр Г.Сэр-Одыг соронздон татаж байлаа. Тэр цагийн утга соёлын сэтгүүлд анхны шүлгүүд нь хэвлэгдэж, үнэхэр авьяаслаг яруу найрагч болохоо харуулжээ. Гэвч тухай нь цагт түүнийг хэн ч олж хараагүй юм. Түүний амьдарч байсан цаг үе хэтэрхий түгшүүртэй, хэтэрхий аймшигтай байв. Агуу их Дашдоржийн Нацагдорж цэл залуухан 31 насандаа, Содномбалжирийн Буяннэмэх, Мөрдэндэвийн Ядамсүрэн, Ширнэнгийн Аюуш, бүгд 30 гаруйхан насандаа улс төрийн хэрэгт гүтгэгдэн амиа алдаж, Цэндийн Дамдинсүрэн, Донровын Намдаг, Бямбын Ренчин нар мөн л хилсээр гүтгэгдэн шоронд хоригдон хэлмэгдэж, монголын уран зохиолын өргөө эзэнгүй, оюун санааны ертөнцөд харанхуй хаанчилж байлаа. Тэр л цагт багшийн сургууль төгссөн, улсын хэвлэх үйлдвэрийн ажилтан Г.Сэр-Од өөрийн төрсөн нутагт багшлахаар алсын замд гарсан нь ямар нэгэн учир шалтгаантай хэрэг гэж үзэх үндэс бий билээ. Эдүгээ хүртэл Сэр-Одын амьдралын сүүлчийн өдөр хоногуудын талаар хэн ч мэдэхгүй. Ямар учраар цэл залуухан 23 хан насандаа яруу найрагч тэнгэрт хальсныг таашгүй. Чухам л он цагийн тэртээд хээрийн салхи л түүний сүүлчийн агшны гэрч болсон биз ээ.
Гэвч Монгол яруу найргийн ертөнцөд түүний нэр балраагүй юм. Харин ч он цагийг давах тусам Гомбын Сэр-Одын суу алдар дуурьссаар байна. “Царцаахай часхийх төмөрлөг дуун намрыг урин шагширна” хэмээх гайхамшигт мөр болоод “ Дөмөн”, “Хавар, “Намар”, “Улирал ба би” “Ээждээ” зэрэг уянгын тансаг шүлгүүд нь үе үеийн яруу найрагчдын сэтгэл зүрхэнд эгшиглэсээр авай.
Хэрэвзээ Гомбын Сэр-Одын яруу найргийг ямар нэгэн зүйлтэй зүйрлэ гэвэл ямар эргэлзээгүйгээр “цавчим өндрөөс сацран бууж буй уулын горхины тунгалаг устай” зүйрлэхийг хүснэм.
Тэр л тунгалаг ус мэт шүлгүүд нь,эртний монголын сонгодог яруу найргийн хүчтэй уламжлалыг өөртөө шингээж, шинэ цагийн шинэлэг сэтгэлгээг тусгаж , зөвхөн Сэр-Одын гэсэн өнгө төрхийг монголын уран зохиолд үлдээж чадсаныг онцгойлон дурьдах нь зүй биз,ээ

2. ДОРЖИЙН ГОМБОЖАВ
Монгол хэлт яруу найргийн түүхэнд дөнгөж 34 хөн насалсан Доржийн Гомбожав хэмээх билигт хүмүүний нэр арилшгүйгээр бичигджээ. Сүхбаатар аймгийн харьяат, Гүржийн Шото Руставелийн “Барсан хэвнэгт баатар” туульсыг эх монгол хэлнээ яруу сайхан орчуулсан зэргээр түүний амьдрал намтар богинохон ч “Дайн”, “Сэвх, “Нас”, “Алтан хундага”, “Хайрын бадаг”, “Гурван хоногийн насгүй”,” Булингар” зэрэг цөөнгүй шүлгүүд нь яруу найргийн ертөнцөд мөнхөрсөн билээ. Түүний шүлгүүд 1960-аад оны үеэр монголын яруу найрагт хүчтэйгээр боссон уянгын давалгааны “түүчээ” байсан гэж зарим судлаачид үздэг. Хэдийгээр “нас, нас,нас яахав,ээ” хэмээн Доржийн Гомбожав бичсэн байдаг ч илүү хэд насалсан бол хэмээх бодол түүний шүлэг зохиолуудыг уншиж байхад төрдөг юм. Түүний нас барсан шалтгаан нь их л бүрхэг, их л эргэлзээтэй. Тэгээд ч цаг үе нь түүнд ялимгүй л хатуу хандсан гэдэг, ээ

3. МИШИГИЙН ЦЭДЭНДОРЖ
Яруу найрагч М.Цэдэндорж
Яагаад ч юм бэ? Түүний нэрний өмнө өөр илүү олон тодотгол хэрэггүй санагддаг юм. Үнэхээр ясны яруу найрагч гэвэл түүнийг л хэлэх байх. Учир нь тэр бүхий л амь амьдрал, хувь тавилангаа зөвхөн яруу найрагт зориулсан билээ. Говь алтай нутгийнх атлаа европ төрхтэй энэ найрагч 1970-аад оны үеийн Монголчуудын оюун санааны томоохон удирдагчдын нэг байсан гэдэг. Үхлийнх нь шалтгаан нууцлаг тодорхойгүй шиг амьдрал нь их л тодорхойгүй өнгөрсөн санагддаг. Гэвч дэлхийн сонгодог уран зохиолын олон сайхан орчуулга, гайхалтай өвөрмөц хэлбэртэй, хэтэрхий шинэлэг шүлгүүд нь дэндүү тодорхой үлдсэн юм, аа. Яаж энэ орчлонгоо аврах вэ? гэсэн түүний санаашрал яруу найрагчдын зүрхэнд лугшиж буй цагт Мишигийн Цэдэндорж мэдээж мөнх билээ.

4. БЭГЗИЙН ЯВУУХУЛАН
Явуухулан гэхээр яруу найраг гэж сонсогдоно гэж хэний ч билээ бичснийг би мартдаггүй юм. Ингэж тодорхойлуулах болтлоо яруу найрагжсан түүнийг өнгөрсөн ХХ зууны Монгол яруу найргийн нэг том сүмбэр оргил гэдгийг яахан үл хүлээн зөвшөөрч болно. Түүний үед олон гайхалтай яруу найрагчид үнэндээ түүний сүүдэрт дарагдчихсан юм. Энэ бол ертөнцийн оюун санааны түүхэнд байдаг л зүйл. Олон үгээр Явуухуланг тодорхойлж болно. Гэхдээ “лирик” гэдэг энэ эртний грек үг түүний яруу найрагт яв цав тохирдог билээ. “Мөнгөн хазаарын чимээ”, “Намрын мөнгөн өглөө” хоёр аль ч талаараа энэ яруу найрагчийн шилдэг бүтээл гэдгийг дурьдах нь бараг илүүц. Их залуудаа “өөрөө уйлж ирээд өрөөлийг уйлуулж” буцдаг хорвоогийн тухай бичиж байсан надад таалагддаг замаас салж “шөнөдөө гэрэлтэм царайлаг” сайхан хүүхнүүдийн шүлэг олныг бичсэн ч “Хөх манхан тэнгэрийг” тэр үнэхээр “эзэгнэнхэн төрсөн” гэдгийг мянган удаа хэлсэн ч үгийн хүч улам чангарахаас үл сулармой.

5. ДАНЗАННЯМЫН ШАГДАРСҮРЭН
Дарьгангын яруу найрагчдад төдийгүй 1970-аад оны Монгол яруу найрагт хүчтэй нөлөө үзүүлсэн томоохон уран бүтээлчийн нэг бол Данзаннямын Шагдарсүрэн аргагүй л мөн билээ. Хэдийгээр орчлонд амьдарсан 38 жилийн хугацаандаа уянгын яруу найргийн дөрвөн түүвэр, мөнх бусыг үзүүлснээс нь хойш хоёр түүвэр хэвлэгдэн гарсан ч түүний бүтээлүүд он цагийг туулан Монгол түмний зүрх сэтгэлд амьдарсаар байна. Эхэн үедээ түүний шүлгүүд нэгэн нэрт яруу найрагчийн нөлөө нь дор, олон шүлгээс тэр яруу найрагчийн өнгө аяс илэрхий мэдрэгддэг байсан бол удалгүй жинхэнэ Д.Шагдарсүрэнгийн гэсэн огт өөр, өөрийн гэсэн шүлгүүдээ бичсэн гэдэг. Тэр тусмаа “Бага үд”, “Зүрх мартахгүй” түүврүүд нь Д.Шагдарсүрэнг өөрөөр нээх боломжийг Монголын уран зохиолын түүхэнд өгсөн гэхэд хилсдэхгүй, ээ. Тэрээр нэгэн шүлэгтээ:
Гайхуулах сүр үгүй ч, газрын хэвгий бараадалгүй
Гагцхүү зорьсондоо хүрэх хүн адил тэмүүлсээр
Гадаад далайд очих аваас
Би-
Талын горхи л байхыг хүснэ. гэжээ.
Эгэл даруухан, мөн чанараараа амьдрахыг утга учир энэ шүлгээс ханхалж байх шиг санагдана. Тэр шүлэг шигээ амьдарч шүлэг шиг эцэслэсэн ажээ.

6. НЯМБУУГИЙН НЯМДОРЖ
ХХ зууны Монгол яруу найргийн гайхамшигтай төлөөлөгчдийн нэг яахын аргагүй Нямбуугийн Нямдорж юм. “Онцын сайхан хүүхэн, зүрхний их хулгайч юм” гэсэн содон шүлгээрээ их утга зохиолд орж ирсэн тэрээр Хэнтий аймгийн Батширээт суманд төржээ. Түүний шүлгүүд тухайн үедээ дэндүү шинэ, дэндүү өвөрмөц, өөрийн гэсэн өнгө төрхтэй байсан нь олон жил үзэл бодлын болоод эрх чөлөөний хавчилганд амьдрах шалтгаан нь болсон гэдэг Гэвч тэр энэ бүхнийг сөрөн гарч Монголын утга зохиолын түүхэнд үлдэхүйц олон шилдэг шүлгүүдээ туурвисан билээ. Тэгээд ч 1992 онд төр түмэн түүний бүтээлд Монгол улсын төрийн шагнал хүртээсэн нь үнэн хэзээд ялан дийлдэгийн үлгэр болсон билээ. Нямбуугийн Нямдорж хэмээх энэ сонин ертөнц, тэрхүү ертөнцийн бичвэр болсон шүлгүүдийг эрин зуун цаг хугацаа улирах тусам үнэд орж, шижир мэт гялалзан байгаа нь ердөө гайхамшиг ажээ. Тэр тусмаа “Алт “найраглал.

7. ЛХАМЖАВЫН ЛУВСАНДОРЖ
1970-аад оны Монголын яруу найргийн содон төлөөлөгчийн нэг бол Лхамжавын Лувсандорж гарцаагүй мөн билээ. Эрхэм та бүхэн төдийлөн нэрийг нь сонсоогүй байж мэдэх энэ яруу найрагч дөнгөж 36 наслахдаа “Нартай бороо”, “Холын бараа” зэрэг яруу найргийн 3 түүвэр хэвлүүлж амжсан нь Монголын уран зохиолд нэгээхэн том орон зайг бий болгосон гэдэг юм. Тэрхүү орон зайд мөр бүхэндээ гүн утга агуулсан чөлөөт хэлбэрийн зөвхөн Лувсандоржийн гэх тодотголтой “Өнгө” найраглал, “Шаалуухүүгийн дууль” хийгээд өөр бусад уянгын шүлгүүд нь оршиж байгаа юм. Зууханд гал байхад сэтгэлд гал олдоно хэмээн харцаараа хариуллаа гэж шүлэглэсэн энэ эгэл хүмүн дуу шиг амьдарсан он жилүүддээ дуу болон үлдсэн билээ. Эрхэм яруу найраг таалан сонирхогч та Лхамжавын Лувсандорж хэмээх яруу найрагчыг огт уншаагүй бол Монгол яруу найргийн цэцэрлэгийн амтат нэгэн алимыг хазаж үзээгүй байна гэж өөрийгөө чамлан бодоорой. Харин таньд таалагдах эсэхийг тэнгэр мэдэх хэрэг, ээ

8. МИШИГИЙН ШИРЧИНСҮРЭН
Мишигийн Ширчинсүрэн бол Б.Явуухулангийн үеийн тун содон өвөрмөц яруу найрагчийн нэг юм. Хүүхэд бага насны дурсамжаас сэдэвлэсэн уянгын олон шүлгүүд нь түүний уран бүтээлийн өөр өнгө төрхийг илэрхийлж байдаг юм. Магадгүй яруу найраг гэгээн сайхан хүсэл мөрөөдлөөс ч эхэлдэг байж болох юм шүү. Тийм бодол үнэндээ яруу найрагч М. Ширчинсүрэнг унших ахуйд улам ч хүчтэй мэдрэгддэг юм. “Хүслийн хүлэг”,”Сайхан айл”, “Эрдэний эрхи”, гээд уянгын шүлгийн олон түүврүүдийг нь эрхэм үзэгч та бүхэн мэдээж уншиж байсан байх. Магадгүй дэлхийн уран зохиолын шилдэг бүтээлүүдээс орчуулсан номнуудыг нь мэдэх биз. Тиймийн тул олон үгийг үл нуршаад түүний яруу найргийг цөөн үгээр тодорхойлохыг оролдье. Монголын яруу найрагт дууль шүлгийн хөгжил М.Ширчинсүрэнтэй салшгүй холбоотой. Энэ бол яах аргагүй үнэн зүйл. ХХ зууны Монголын яруу найрагт дурсамжийн шүлгийн томоохон төлөөлөгч бол М.Ширчинсүрэн юм. Тийм,ээ бас л үнэн зүйл. Харин М.Ширчинсүрэн зарим ахмадуудын бахархалтайгаар дүгнэх дуртайчлан “монгол сэтгэлгээтэй яруу найрагч “ юм. Ингээд л болоо. Үнэндээ өөр илүү олон үг энэ яруу найрагчид хэрэггүй дээ?

9. ДАМДИНСҮРЭНГИЙН УРИАНХАЙ
Дамдинсүрэнгийн Урианхай хэмээх энэ ертөнцийг ганцхан “сайн яруу найрагч” гэдэг зүйлээр тодорхойлох боломжгүй. Учир нь сайн яруу найрагч гэдэг нь түүний зөвхөн “нэг тал “. Магадгүй сайн хувь хүн, сайн сэтгэгч, сайн бясалгагч зэргээр нэрлээд байвал цөөнгүй зүйлийг хэлж болно. Хамгийн сонирхолтой нь тэр бүх сайн чанарууд нь Д. Урианхай абугайн шүлгүүдээс нэвт үнэртэж байдаг юм. Зарим хүмүүс Д. Урианхайг ойлгоход төвөгтэй гэдэг. Түүн шиг худлаа үг даанч үгүй. Зүгээр л ойлгох хүсэлгүйгээ, эсвэл ойлгох ухаангүйгээ далдах гэсэн л шалдир булдир арга гэж шинэ үеийн нэгэн яруу найрагч дүгнэсэн байдаг. Үнэхээр шударга бус зүйлүүдтэй үл эвлэрэх, үг утгын гүн зохирлыг мэдрэх, яруу найргийн амьд халуун хүнлэг чанарыг энэ л хүний шүлгүүд цогц байдлаар нь тээж байдаг гэнэм. Тийм ээ, монгол яруу найргийн тод од Дамдинсүрэнгийн УРИАНХАЙ гэж…

10. БАВУУГИЙН ЛХАГВАСҮРЭН

Анх энэ яруу найрагчийн номыг унших байхдаа би шүлгийн номыг унших бус харин уудаг байлаа. С.Дашдооровын “Тал бид хоёр”, П.Пүрэвсүрэнгийн “Чин хайрын өргөл”, Д.Шагдарсүрэнгийн “Далайн цэнхэр давалгаа” –г уншчихаад Б.Лхагвасүрэнгийн “ Цагаан тэнхлэг”,” Ангир уураг” хоёрыг уншсан чинь яруу найраг чинь яг ингэхэд чухам алин юм бэ? гэсэн асуултанд “унаж” байсан юмдаг. Энэ асуултынхаа хариуг нилээд хожуу ойлгосон ч Лхагвасүрэн гэдэг яруу найрагч надад гүнзгий сэтгэгдэл үлдээж чадсан юм. “Хос уянга” ,”Гашуун өвс” тэргүүтэй шүлгийн түүврүүдэд энэ яруу найрагчийн гарцаагүй “шүлгүүд” багтдаг юм. Монгол ахуй, монгол уламжлал, монгол ухаан гэж ихээр ярьдаг энэ цаг үед бүгдийг нь нэг дороос мэдэрье гэвэл түүнийг уншихад л хангалттай. Энэ ч чанар нь түүнд олон хүн дуртай байдгийн шалтгаан гэж би ойлгодог.

11. ДАНЗАНГИЙН НЯМСҮРЭН
Хүмүүс түүнийг Эрээнцавын хэмээн дуудахад би дургүй. Тэр Монголын яруу найрагч байсан юм. Зарим нэг нь айхтар атаархдаг байсан учраас миний мэдэхээр нилээд хожуу энэ яруу найрагчийн тухай 1990- ээд онынхон л ярьж эхэлсэн гэж харддаг юм. Гэгээн тунгалаг байх, гэгээн тунгалагаас ч гэгээн тунгалаг байхын мөн чанарт бараг л хүрсэн яруу найрагч гэж тодорхойлж болно. Тэр “газрын гүн дэх үндэсний үзүүр рүү залбирах вэ?” гэж бичсэн юм. Түүний шүлгүүд үнэндээ хүний сэтгэлээс ургасан цэцэг төдийхөнд бус харин тэр цэцгийн үндэс рүү залбирах хүслээр дүүрэн байсан юм. Ялимгүй залуудаа “дэндүү уяхан хөлийг” ойроос харж байсан тэрээр “Хаврын урсгал”, “Сэтгэлийн байгаль”,” Аглагхан талаасаа” гэсэн хэдхэн шүлгийн түүвэр бидэнд үлдээжээ. Амьдралыг сайхан, амьдралыг сайхнаас ч сайхан гэж мэдрэхийг хүссэн хэн ч ” “Дөрвөн цаг”-ийг уншаад дараа нь 90 хүрмээр санагдвал би хувьдаа гайхахгүй, ээ.

12. ОЧИРБАТЫН ДАШБАЛБАР
ХХ зууны Монгол яруу найрагт энэ эрхэм хүмүүний нэр хуучны хэллэгээр ёстой “алтан үсгээр” тэмдэглэгдэн үлдсэн юм. Эрэмгий, шударга, шантрашгүй гээд л жинхэнэ яруу найрагчдад байх ясны зан төлвийг өөртөө 100 хувь шингээсэн ийм гал халуун, ер бусын ертөнц дахин монгол яруу найрагт төрөх магадлал үгүй гэж санадаг юм. Шүлгүүд нь дэндүү эрчимлэг чанартай. Уншсан хэнд ч нөлөөлөх тийм увдистай юм. Хэдий 42 хон насалсан ч Монгол яруу найргийн түүхэнд “Оддын аялгуу”,” Гол ус намуухан урсана”,”Гэрэлт хайр”,” Зүүдний мөнгөн шувуу”, “Бурханы мэлмий” зэрэг яруу тансаг, зөөлөн тунгалаг, гүн бодрол, гэгээн гунигаар дүүрэн шүлгийн түүврүүдээ өв болгон үлдээсэн нь юутай завшаан билээ. Уурсаж омогшсон үедээ гал мэт санагддаг, тайвширч бясалгасан үедээ бурхан мэт үзэгддэг энэ хүмүүний дээд, хувь ертөнц одоо ч бидний оюун санаанд нөлөөлсөөр байна. Хүн бидний махан бие мөнх насгүй ч оюун санаа гэдэг хий бие мөнх настай нь үнэн жишээ Очирбатын Дашбалбар болохыг батлан хэлэх илүүц санагдана. Цаасан дээр нэртэй, цасан дээр мөртэй явсныг нь эрин зуун үл мартах энэ хүмүүн худал баян явснаас , шударга хоосон яваарай хэмээн захисныг Монгол түмэн бүү мартаасай… Мартвал…

13. ЛХАМЖАВЫН МЯГМАРСҮРЭН
“Урины шувуу” хэмээх тэр жижигхэн улаан номыг уншиж хэвтсэн 1988 оны зуны аагим өдрийг би мартдаггүй юм. Учир нь яг энэ хүн шиг эмч, тэгээд яруу найрагч болохсон гэж мөрөөдөж байж билээ. Тэр мөрөөдөл минь хэдий биелээгүй ч мөн тэр үед
Их уулсийн бэлд
Бүгээн адуу ч
Сүүл шарвана.
Бараан адуу ч
Сүүл шарвана гэсэн шүлгийг сайн ойлгоогүй ч эрхэмлэдэг яруу найрагчдын минь тоонд Ламжавын Мягмарсүрэн хэмээх энэ эгэл хүний эрхэм нэр бүртгэгдэж орхисон билээ. Монгол яруу найрагт Мягмарсүрэн нэртэн миний мэдэхээр хоёр бий. Хоёулаа авъяаслаг хийгээд дахин давтагдашгүй ертөнцүүд. Гэхдээ Лхамжавын Мягмарсүрэнгийн шүлгүүдэд үгийн найрал, утгын гүнзгийрэл гэхээсээ илүү яруу найргийг хайрлах, яруу найрагт үнэн хувиршгүйгээр өгсөн “асар том сэтгэл” оршиж байдаг юм. Түүнчлин хүмүүн хийгээд хүмүүний ертөнцийг хайрлах “асар том хайр” нуугдаж байдаг. Хэрэв ганцхан үгүүлбэрээр Ламжавын Мягмарсүрэнг тодорхойл гэвэл түүний шүлгүүд хүний төлөөх хайраар дүүрэн яруу найрагчийн сэтгэл юм гэж хэлэхийг хүснэм.
Тэнгэр минь,
Шударга хүн явах шулуухан хэлэхэд хэцүүг, ухаантай хүн болгоомжтой амьдрах учиртайг ах минь та юу эс андах вэ?

14. ДОРЖДАМБЫН БАТТОГТОХ
Монгол яруу найргийн ертөнцөд цэл залуугаараа мөнхрөн үлдсэн цөөхөн гайхамшигт хүмүүсийн нэг бол яахын аргагүй, бүр ямар ч аргагүй Дорждамбын Баттогтох билээ. Хэдийгээр олон хүн энэ залуугийн нэрийг сонсож дуулаагүй байж болох юм. Харин хожмын өдөр хайрладаг, бүр шүтэн дээдэлдэг яруу найрагчдын чинь тоонд энэ мөнхөд залуугаараа үлдсэн Баттогтох хэмээх нэр бичигдсэн байхад миний л хувьд гайхах зүйл үгүй. 1990-ээд онд монголын уран зохиолд асар том түрлэг, аюумшигтай том давалгаа болон орж ирсэн залуусын нэг, амьдрал хийгээд хүмүүст үнэн зүрхнээсээ хайртай, хорвоо хийгээд жамыг дэндүү эрт ухаарсан тэрээр” үйлийн үр үсэнд хүртэл бий” хэмээн бичиж байсан юм. 27 -хон жил амьдрахдаа 100 насалсан хүнээс ч илүү ертөнцийг таньж мэдсэн түүний шүлгүүд гэгээн тунгалаг сэтгэл, амьдралд тэмүүлсэн хүслээр дүүрэн байдаг юм. Өөрийнх нь бичснээр шувуу болон нисэн одсон тэрээр яруу найргаараа дамжуулан оюун санаагаа Монголын уран зохиолд үлдээсэн юм. Санах, дурсах эсэхийг амьд бидний сэтгэл зүрх л мэдэх хэрэг,ээ

15. ЛУВСАНДОРЖИЙН ӨЛЗИЙТӨГС

Л.Өлзийтөгсийн “Тэнгэрт ургадаг модод” уу? Уншаад л баймаар ном. Монгол яруу найргийн түүхэнд эмэгтэй хүн ийм ном бичсэн нь гайхамшиг. “Залбирсан алганд минь намар байгаа” гэсэн хачин мөрүүдийг түүний шүлгүүдээс хэд хэдийг бол хэдийг олж болно. Эсвэл “цээжин дотор минь өвс ногоо ургачихсан юм шиг дотор ирвэгнээд байна” гэсэн гайхмаар мэдрэмжүүдийг хүсвэл хүртэж болно. Олон талаараа түүний шүлгүүд нууцлаг хийгээд тайлагдашгүй мэт. Мөн олон талаараа бидний яруу найраг гэж үздэг хэмжүүрээс өөр. Эмэгтэй хүний ямар нэгэн мань мэтийн мэдэрдэггүй тийм “ том сар, тийм өөр сэвшээ , тийм нэг сандал, бүүр тийм нэг ширээний гэрэл ч Өлзийтөгсийг тодорхойлж байдаг. Эмиль Дикенсонийг би тийм сайн уншаагүй. Гэхдээ шүлгүүдээс нь би нэг юм мэдэрдэг юм. Өлзийтөгсөөс ч ялгаагүй. Харин юу гэдгийн хувь байвал хожим хэлье дээ?

16. БААТАРЫН ГАЛСАНСҮХ
Аянга цахилгаан өдөр бүхэн цахидаггүй. Харин Галсансүхийг уншваас өдөр бүхэн цахилгаан цахидаг гэдэгт итгэдэг болно. Өглөө бүхэн тэнгэр цэлмэг нар манддаггүй. Харин Галсансүхийг уншваас өглөө бүхэн үүлтэйд ч нар мандана гэдэгт итгэдэг болно. Энэ бүхэн түүний шүлгүүдийг бүрэн тодорхойлж байгаа юм биш. Зүгээр л ялимгүй ойлголт хандлага өгөх зорилготой юм. Түүнийг шинэчлэгч, модернист гэдэг. Тийм байх л даа, зарим талаараа. Үнэндээ бол тэр хэн ч биш. Тэр юу ч байж болно. Ямар ч хэлбэр, тодорхойлолт, онолын ойлголт түүнд хэвшихгүй. Хашилт хаалт, хүрээ рааманд түүнийг хийгээд хэрэггүй. Галсансүхийн хамгийн галзуу тал нь ердөө энэ шүү дээ? “Сэтгэл гэдэг эрхтэн нь зүрх шиг зогссон ч ”, яруу найргийн шинэчлэлийн төлөөх зуун жилийн дайн” –д тэр “үхэх долоон шалтгаанаа” олсноо мэдэлгүй тулалдсаар байх болно. Энэ тэмцэгч чанар түүний шүлгүүдээс, бас няцагч, урвагч чанар ч түүний шүлгүүдээс “сэнхийж” байдаг юм. Ямар нэгэн өөр эрчим хүч зөвхөн түүнд зориулж үйлчилдэг байх гэж хааяа санамаар Баатарын Галсансүх, яруу найрагч, ямар ч байсан…

ТӨГСГӨЛ

Таньд шинэ үеийн Монгол яруу найргийн талаар ямар ч байсан ялимгүй ч атугай ойлголт бий болсон бол би баярлаад баршгүй. Хэрэв та энэ эссэг цааш нь арван таван хүнд дамжуулбал маргаашийн морин цагт сая доллар олох болно. Хэрэв эс дамжуулваас… Энэ ялимгүй худал наргиа… Харин бусад нь үнэн.

2009 он
Яруу найрагч П.Батхуяг

 

Categories: үдийн цай | Шошго: | Сэтгэгдэл бичих

Р.Рождественский

ВАСИЛИЙ ШУКШИНЫГ ДУРСАХУЙ
Алтан угсаа
Амарлингуй сэтгэл минь,
Алсын босго хүртэл чамайг
Айхтар яаруу үдлээ дээ!
Та минь
Өөрийнх нь бүтээлийг
Үзээгүй байсан юм гэж үү?
Ам хуурайгүй магтах яриагаа түр тасалж
Надад үүнийг хариулаад өгөөч!
Амьд байхдаа тэр
Авсанд байгаагаасаа
Аль нэг юмаар дор байсан гэж үү?
Магтаалд улайдсан сэтгэлийнхээ галыг дарж
Надад нэг хэлээд өгөөч!
Оршуулах ёслол
Гашуудлын цагаалга өнгөрлөө
Одоо тэр хүн
Хар жаазанд орсон хойноо
Гангарч авъяас нь тодроо юу?
Үхсэн хойно нь
Магтана гэдэг
Авсан дээр нь
Шагшина гэдэг
Хамгийн хэрцгий тоглоом
Харсаар байтал
Гашуун шоглоом
Арц хүжний утаатай зэрэгцээд
Магтаалын багана тэнгэр туллаа…
Амьд сэрүүнд нь
Та минь
Хаана байсан улс вэ?

……

Энгийн юманд итгэх юм бол
Эрэгцүүлж сайн бодох юм бол
Үнэндээ гэхэд
Үрэгдсэн найрагчдын алдар
Алуурчныхаа нэртэй л
Адил хэмжээнд байх юм.

Хаадын алдрыг мэдэхгүй хэрнээ
Харин чухам хэний нэрийг
Хаа тэртээгээс санаж байгааг
Хараад үзэцгээ л дээ
Мартынов, Дантес гээд л байсныг
Магад санаж байгаа
Алмай явдалтай
Ахар ухаантай
Атаа жөтөөтэй хүмүүс байлаа…

Нэрээ гаргахаар хийсэн
Гайхалтай юм юусан билээ
Нэг л удаа дүрсхийж
Сүрхий уурласан хүмүүс

Шарилын хайснаас гадуур
Шийтгэл буруутгал
Шал худлаа…

Хэрэгтэн тэдний намтар гэвэл
Хэвлэлийн будагнаас өөр үнэргүй
Хэзээ язааны тохь хүмүүс
Хөргөн дээрээс инээмсэглэж байна
Яая гэхэв дээ одоо буугаа
Яруу найрагчид руу онилоод бай
Түүхэнд тэгвэл та
Түвэггүй орж магадгүй

……
Загас амрахаар модны мөчирт аслаа гэхэд
Би итгэнэ
Замагт усанд туулайхан ядартлаа гэхэд
Би итгэнэ
Адуу итали ном уншлаа гэхэд
Би итгэнэ
Адгуу тахиа тохитой томоотой боллоо гэхэд
Би итгэнэ
Эмсийн ордонд энгэсэг ханхлахгүй байхад
Би итгэнэ
Энэтхэгт цас орж мөсөн далайд нар шарлаа гэхэд
Би итгэнэ
Арслан махнаас гарч ногоо иддэг боллоо гэхэд
Би итгэнэ
Аймхай хүн тулаанд улайран дайрч орлоо гэхэд
Би итгэнэ
Ядуу хүн инээд алдан мөнгөө шатаалаа гэхэд
Би итгэнэ
Янхан хүүхэн цэвэр ариун байлаа гэхэд
Би итгэнэ
Харгис алуурчин нүглээ наминчилж уйллаа гэхэд
Би итгэнэ
“Хайртай” гэж чамайг хэлэхэд
Харин жаахан инээд хүрнэ
Тэгэхдээ бас итгэнэ ээ.
……
Хаа нэгтээ
Халуу шатаж, наранд цохиулж байдаг
Хавсарга тавиад
Хүйтэн салхи
Хавирга нэвт үлээж л байдаг.
Харин чиний халуун
Арван Африкт
Хүрнэ
Хатуурхаж хөрхсөн мөс чинь
Антарктидыг ч
Бүрнэ
Дахиад л хилэнгээр олгойдон галт уул дэлбэрч байна
Дагжин чичирсэн газар дэлхий утаанд нь хахаж байна
Чи бол
Түймрээс догшин
Газар хөдлөхөөс хэцүү
Тэгсэн мөртлөө
Хоёр сартай нярайгаас ч мянга дахин арчаагүй
Өөрийгөө өмөөрөх явдалгүй
Өөр тийшээ ч хялалзах хэрэггүй
Алхам бүхэнд зүдэрч
Хором бүхэнд жаргахдаа би
-Эз хөтлөөд тамлуулав уу?
Аз дайраад шагнуулав уу? гэж
Ганихрах, баясахын зааг дээр
Гагцхүү өөрөөсөө асуух юм.

Ж.Лхагваа монголчлов.
Р.Рождественский  “Эргэх хорвоо” түүвэр 1983 он

Categories: үдийн цай | Шошго: | Сэтгэгдэл бичих

Рабиндранат Таагүүр

Бараагий чинь харахгүй гэхээс

Энэ насандаа бараагий чинь харахгүй болбуу гэхээс

Элэг зүрх рүү өргөс шаах шиг болном, өндөр тэнгэр минь

Сэрүүн унтаа хоёрт

Сэтгэлээс гардаггүй зовлон энэ дээ.

Өдөр шөнийн алинд ч

Өрц нухдаг шаналал энэ дээ.

Орчлон хорвоогийн зээл дээр хэдэн ч өдөр өнгөрүүлж

Олз омгоор хоёр гараа хичнээн ч дахин дүүргэх билээ

Тэрнээс би юу олном

Тэгээд ч намайг эс үзнэм

Зүрх сэтгэлийн минь энэ бодол

Зүү шиг шивээд байдаг юм даа

Ажилгүйн шалтгаанаар замын хажууд сууж байлаа ч гэсэн

Амрахын учраа ор дэвсгэр засан хажууллаа ч гэсэн

Хачин бодол урган төрнөм

Харьд явах дэмий санагданам.

Бараагий чинь харахгүй бий дээ гэхээс

Байн байн зүрх шимширнэм

Намайгаа битгий мартаасай гэж сэрүүн ч унтаа ч залбирнам

Наддаа чи минь ирэхгүй бий гэхээс зүрх зогсох шиг болном.

Наадам инээдэм дүүрч, лимбэ хуур эгшиглэвч

Нарийн бараа, гоёл засал гялайн цалайн ирийлгэвч

Сэрүүн унтаа хоёрт

Сэтгэлээс гардаггүй зовлон энэ дээ.

Өдөр шөнийн алинд ч

Өрц нухдаг шаналал энэ дээ.

Намайгаа чи минь мартуузай гэж

Насан турхруу залбирах минь дээ.

Хагацал зовлон

Орчлонгийн тоос товрог бүхнээ шингэсэн хагацал зовлон чинь

Ой мод, үүл агаар, далай олон дүрээр хувилжээ

Нам гүм шөнийн турш оддын зул барьж гийгүүлэн

Нарийнаа дүрий чинь тодруулах нь ч цав хэмээн хагацал зовлон чинь буюу.

Намрын эхэн сарын үес хурын дусалд чичрэгч

Навчсын дуу зохирон дуртах нь ч мөн хагацал зовлон чинь буюу.

Эмэгтэй хүний сэтгэл, янаглал, итгэл жаргал, зовол

Элдэв дүрээр айл гэрт түгсэн нь ч цаглашгүй хагацал

Эгшиг дуу, элэг зүрхэнд минь ч бялхан дүүрсээр аанай

Эн захгүй хагацал зовлон хайлан урссаар амуй.

Ганцхан удаа

Ээ, эр нөхөр минь

Энүүхэн хүслийг минь хүлээж ав

Энэрч ганцхан удаа хүлээж ав

Эгэж битгий яв

Хагацаж явсан тэр өдөр чинь

Хар шороо үмхэх адил гутамшиг амссан билээ.

Харин одоо чинийхээ л гэрэлд

Өөдлөн амьжрах цоморлигоо дэлгэх гэж

Өдрөөс өдөрт сэргэсээр байнам би.

Хэрхэн учир элий балай болж

Хэнийг чухам эрэл болон хайж

Хэрэн хэсэн төөрч мунгинадаг билээ

Хэн үүнийг айлдах билээ

Өр зүрхэн тушаа минь чихээ тавиад

Өөрийнхөө дууг олж сонсооч

Гайтай эд буюу хуурамч хүчин надад буй ахул

Гаргаж ил үзүүлээд өгөөч

Гандаж түүнийг шатаагаад хайрлаач

Сүүдэр

Хайрт минь.

Би чамтайгаа уулзахаар

Хань хамсаагүй ганцаархнаа алхаж явлаа

Хав харанхуй, чив чимээгүй атал миний

Хажууд чухам хэн явалцаж байгаа вэ?

Түүнээс холдож салах гэж би тун ч их оролдлоо

Түүгээр үүгээр тахир муруй замаар ч явж үзлээ

Тэр бүрийд байхгүй л болох шиг санагддаг юм

Тэгсэн хэдий боловч алхах чимээ нь дуулдаад байдаг юм

Газар дэлхийн тоос манаруулаад л явдаг юм

Гайхалтай жигтэй хөнгөлүү шингэлүү юм тэр.

Үг хэлэх бүрийд дуугаа тэр оролцуулдаг юм

Үзтэл тэр сүүдэр минь биш билээ, шүтээн минь

Үнэндээ тэр бол ичгүүргүй гэгч л байгаа юм

Үүнтэй цуг чинийхээ гэрийн

Үүдэнд очихоос ичээд байдаг юм даа.

Categories: үдийн цай | Шошго: | 1 Сэтгэгдэл

Эмили Дикинсоны шүлгүүд

/1830-1886/

/1830-1886/

“Тогтсон дүрэм журамд захирагдаагүй, сэтгэлгээний загваргүй, гоц чөлөөт хэмнэл бүхий түүний шүлгүүдээс 1995 онд “Ням гараг” сонинд нийтлүүлсэн минь Эмили Дикинсоны монгол хэлнээ орчуулагдсан бараг л анхны тохиолдол болов уу.” гэж “Дэлхийн сонгодог яруу найраг“ анатологидоо Эмили Дикинсоны талаар МУСГЗ зохиолч Г.Аюурзана бичсэн байдаг.
Энэ бүсгүйн шүлгийг сэрж мэдэх хүсэл минь, хэн юм бол, ямар шүлгүүдтэй юм бол, юугаараа надтай адилхан юм бол, үгүй ээ, би юугаараа энэ бүсгүйтэй адилхан юм бол гэдэг бодол төрснөөс болсон юм. Яагаад гэвэл Дамдинсүрэнгийн Урианхай ах намайг Эмили Дикинсон гэж билээ. Би 2010 оны “Оны шилдэг ном” болсон Урианхай ахын “Зэндмэнэ онол: Монголын философийн нийгмийн асуудлууд” номын 3 дугаар дэвтрийн гар бичмэлийг компьютерт шивж өгсөн юм. Үг үсгийг нь хянуулахаарлахаар өгөхдөө Үргэлжлүүлэн унших

Categories: үдийн цай | Шошго: | Сэтгэгдэл бичих

Д.Урианхай

Annons copy

2012 оны 12 сарын 09-нд Булган аймгийн төв болон Бугат суманд болсон юм.

ИНЭЭД ШИГ ХУУЧИН ХҮНИЙ АМЬДРАЛД

Инээд шиг хуучин хүний амьдралд

Нулимс шиг халуун байх!

Маргааш шиг ойрхон байх!

Магад ирэх Үхэл шиг

Давтагдахгүй байх!… Үргэлжлүүлэн унших

Categories: үдийн цай | Шошго: | Сэтгэгдэл бичих

Д.Равжаа

nuur

ҮЛЭМЖИЙН ЧАНАР

Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг
Үзэсгэлэнт царайг чинь
Үзвэл лагшин төгс маань
Үнэхээр сэтгэлийг   булаанам зээ
Үргэлжлүүлэн унших

Categories: үдийн цай | Шошго: | Сэтгэгдэл бичих

Хуан Жи Ү

    БИ БОЛ ЧИ ЮМ

Солонгосын яруу найрагч Хуан Жи Ү 1953 онд төрсөн. Сөүлийн их сургуулийн урлаг гоозүйн салбарыг төгссөн. Яруу найрагч төдийгүй уран барималч, судлаач, жүжгийн зохиолч, эрдэмтэн хүн. Фото зураг авах хоббитой ажээ.
“Би бол чи юм” хэмээх ном нь 2007 онд монгол хэл дээр Ч.Цэрэнхорлоогийн орчуулгаар хэвлэгдсэн юм.

ӨВЛИЙН МОД  ХАВРЫН МОД БОЛТОЛ
Модод өөрөө л
Мод болдог Үргэлжлүүлэн унших

Categories: үдийн цай | Шошго: | Сэтгэгдэл бичих

Р.Таагүүр

Р.Таагүүрийн шүлгээс уншаарай.

Амралтын өдрийн үдийн цай амттай байх болтугай.

Ганцхан удаа

Ээ, эр нөхөр минь
Энүүхэн хүслийг минь хүлээж ав
Энэрч ганцхан удаа хүлээж ав
Эгэж битгий яв Үргэлжлүүлэн унших

Categories: үдийн цай | Шошго: | Сэтгэгдэл бичих

Ц.Буянзаяа

 

     Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт зохиолч Ц.Буянзаяагийн “Гүн санааны дүрс” номын шүлгээс “Үдийн цай”-гаараа дээжлэн хүргэж байна.

Үргэлжлүүлэн унших

Categories: үдийн цай | Шошго: | Сэтгэгдэл бичих

Blog at WordPress.com.