Posts Tagged With: яруу найрагч Д.Ганчимэгийн шүлгүүдээс

Ижийдээ өгч чадаагүй

***

Ижийдээ өгч чадаагүй

Энэ бэлгийг

Эргүүлж хэндээ өгөх вэ

Эвлэрлийн бэлэг болгоод

Найз чамдаа өгчихье

Итгэл минь болог%d0%b3%d1%8d%d1%80_%d0%b1%d2%af%d0%bb_1

Эргэж буцахгүй

Сэтгэл минь болог

2016.11.05

Categories: Шүлгүүд | Шошго: | Сэтгэгдэл бичих

Ээждээ

cropped-lady1.jpg                 Санах гэдэг бэрх юм аа.  Хар нялхаараа үлдэж хоцорчихоод өдөр бүр ижийгээ санадаг байсан. Он цагийн эрхэнд ирэхгүй гэдгийг мэдсээр боловч ороод л ирэх юм шиг хүзүү хоолойндоо гуниг тээгээд хөөрхий ижийгээ санадаг байсан. Амьдрал үзээд, алдаж оноод баярлах гуних бүхэндээ ижийгээ санадаг байсан. Асуух ч хүнгүй нөхөрт гарчихаад, аравгар улаан охиноо төрүүлчихээд, амьтны хэл амыг дарж чадахгүй нялх байхдаа аврал болсон ижийтэйгээ сэтгэлдээ л ярьдаг байсан. Ижийгээ нэг ч хором нэхэл хатуу энэ амьдралд мартаж байгаагүй ээ. Баярлахдаа санаана, гомдохдоо санана, жаргахдаа санана, зовохдоо санана,  Алдахдаа санана,  аашлахдаа санана. Өдий хүртлийг туулахдаа  өөрийн бүхнээ таных гэж боддог доо. Санана таныгаа санана, санаан цаанаа л санана. Тэнгэрт мөргөж санана, бодолд умбаж санана. Аавтай ээжтэй, ахтай эгчтэй ханьтай ижилтэй хүний л амьдралыг туулахдаа эгшин бүрт нь санана. Таныгаа санана, алаг зүрх цохилохоо больж амьсгал татах тэр эгшинд ч таныгаа л санана ээжээ.

1.
Их л удлаа даа ижийгээ санасаар
Эргэж ирэхгүйтэй эгнэгт эвлэрдэг ч
Одоогийн миний насан дээр
Орчлонгоос явсан байх юм
Ойр холын сураггүй
Орхиод явсан байх юм
Гучин жил таныгаа саналаа
Гуниг зовлонг марттал саналаа
Гунигтай  жаргалтай залуу насаа хамт үдлээ.
Ач зээгээ тэврээд аз жаргалтай байлаа ч
Амьдрал хэмээх далайд алдаж онож явлаа ч
Ижий минь та
Гэрэлт зүрхний угаас хэзээ ч алга болоогүй
Гэгээн залуугийн зүс тань ердөө ч мартагдаагүй
Үр хүүхдээ хайрлахдаа үргэлж таныгаа санасаар
Үйл алхаа гишгээндээ үг хөдөлгөөнөө хянасаар

2.
Одоо би тавь хүрэх нь
Орхиод явсан тэр л насанд чинь
Олуулаа болоод ирчихээд байна
Ах минь дал хүрлээ
Дал давсан ахын минь давхраатай нүд
Ижийгээ санаад нулимстай
Эгч минь жар хүрлээ
Жаргалтай эгчийн минь зүсэнд
Жаахан ээж минь буугаад ирчихжээ
Хүний хүүхдээс дутахгүй амьдарч явааг хараад
Хайлган цайлган үрсээ хайрлаж л суугаад итгэнэм
Харж байгаа та биднийгээ
Хайрлаж л сууна таныгаа
Дэргэдээс харж байгаа шүү гэдэг
Дэндүү гэнэн бодол минь хэвээрээ л байна.
Тэрэндээ л хүн шиг амьдардаг  даа
Дэргэд та минь байгаа.

2013.07.12

Categories: Шүлгүүд | Шошго: | Сэтгэгдэл бичих

шүлгүүд

Шинэ он гарсаар блогтоо юу ч оруулаагүй юм байна. Та бүхэндээ шүлгээсээ дээжилвэй.

***
Бодол зурсхийх
Аянга цахилах
Шүлгийн ганц мөр гялсхийх
Ав адилхан агшин юм
Ав адилхан агшин ч, нэн тунгалаг юм

Болзоонд догдлох
Болор хундаганаас дарс шимэх
Босон суун хүлээж ядах
Ав адилхан удаан юм
Ав адилхан удаан ч гэрэл гэгээ юм

Амьдралын сайхныг сануулдаг болохоор
Аль аль нь өнгөлөг юм
Ав адилхан юм
Анхаарах ч хэрэггүй яруу тунгалаг юм
2012.12.15

****
Чи бидний уулзалт
Чимээгүй
Тэгсэн мөртөө
Чин үнэнээсээ
Бие биеэ хүссэн байсан

Чи бидний үнсэлт
Чимээгүй
Тэгсэн мөртөө
Чин үнэнээсээ
Бие биедээ тэмүүлсэн байсан

Чи бидний холдолт
Чимээгүй
Тэгсэн мөртөө
Чин үнэнээсээ
Бие биеэ хайрлахгүй болсон байсан

Чи бидний салалт
Чимээгүй
Тэгсэн мөртөө
Чин үнэнээсээ
Бие биеэсээ залхсан байсан
2011.02.25

ЧИН ҮНЭНЧ СЭТГЭЛ МИНЬ ХЭВЭЭР БАЙХАД
Унасан газар угаасан усаа шүтэж явдаг
Ухаант аав ээжийнхээ сүнс сүлдэнд мөргөж явдаг
Уужуу сэтгэлтэй анд нөхдөө түшиж явдаг
Ургаж төлжих шинэ бүхнээр бахархаж явдаг
Чин үнэнч сэтгэл минь хэвээр байхад
Чигч бодолдоо би юу алдсан гэж.
Амраг минь хүнийх ч амьд харагдаж байдаг
Алаг нүдэн охид минь зуны ногоо шиг ургаж байдаг
Азтай сайхан алтан мөнгөн өдрүүд урсаж байдаг
Адтай залуу намайг сонирхсон хэвээр байдаг
Үнэн амьдрал минь үргэлжилсээр байхад
Өөртөө би юу алдсан гэж.
Тэнгэрт нар сар ээлжилсээр
Тэнүүн амьсгаа авч агаар залгилсаар
Айргаа ууж, дуугаа дуулсаар
Амьдрал гэдэг тоглоомонд амралт бас байдаг
Толгой өргөн цээж тэнэгэр алхаж явахад
Тэгээд би юу алдсан гэж.
2004.03.05

Categories: Шүлгүүд | Шошго: | 1 Сэтгэгдэл

Шинэ шүлгүүдээ оруулав

****

Тэмдэглэлээ шатаая

Дэвтрээ шатаая

Дурсамжаа шатаая Үргэлжлүүлэн унших

Categories: Шүлгүүд | Шошго: | Сэтгэгдэл бичих

****
Биеэ хуваах нас минь өнгөрсөн ч
Сэтгэлээ хуваах цаг минь ирж
Эрт урьдын ерөөл тавиландаа
Элэг зүрхнээсээ хайлж суунам

2008.05.03

****
Хулгана мууранд идүүлэхийн адил
Хувь заяанд идүүлж л байна
Бурхны зурсан зургаар амьдарч
Бусдынхаар зовмооргүй байна

2010.03.09

Categories: Шүлгүүд | Шошго: | Сэтгэгдэл бичих

Create a free website or blog at WordPress.com.